dc.description.abstract |
Монгол үндэстнийг бусдаас ялгах гол онцлог бол нүүдлийн соёлын өв юм. Дэлхийн ихэнх улс орон суурин иргэншил, газар тариаланд түшиглэн хөгжсөн бол Монголчууд олон зууны турш мал аж ахуйг эрхлэн, амьдрал ахуйгаа байгальтай нийцэн зохицуулах өвөрмөц арга ухаанд суурилсан арвин өв соёлыг бүтээж ирсэн. Харин ХХ зуунаас эхлэн хотжилт эрчимтэй явагдсанаар нүүдлийн соёлын хэв маяг алдагдаж, үндэсний үнэт өв уламжлал бүдгэрэх нөхцөл бүрдээд байна.
Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хүрээнд иргэн бүр үндэсний соёл, зан заншлаа сурах, мэдэх эрхтэй бөгөөд энэ үйл явцад боловсролын байгууллагууд чухал үүрэгтэй оролцдог. Судалгааны ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Монгол хэл, бичгийн шалгалтын оноонд үндэслэн соёлын өвийн талаарх хичээлүүдийн үр нөлөөг үнэлж, мөн хүүхдэд зориулсан үндэсний соёлын өвийн контентын хүртээмжийг судаллаа. Үүний үндсэн дээр үндэсний соёлыг түгээх, таниулах шинэ сувгийн хэрэгцээ шаардлага бий гэж үзэв.
Соёлын өв нь зөвхөн танин мэдэхүй, боловсролын агуулга төдийгүй аялал жуулчлалын үнэ цэнтэй түүхий эд, инновацийн бүтээгдэхүүний эх сурвалж болох боломжтой. Иймд энэхүү судалгааны ажлаар соёлын биет бус өвийг орчин үеийн технологи, тухайлбал проекцийн дүрслэл ашиглан хэрхэн дижитал хэлбэрээр илэрхийлэх, хүүхэд ба залуу үед зориулсан контент бүтээх боломжийг кейс ба практик судалгаанд тулгуурлан шинжилсэн болно. Судалгааны үр дүнд тодорхой эх үүсвэр, дэмжлэгийн хүрээнд соёлын өвийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, шинэлэг хэлбэрээр хадгалж, түгээх бүрэн боломжтойг тогтоолоо. |
en_US |