Хураангуй:
Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд Япон хэл-орон судлалын хичээл нь сонгон суралцах хэлбэрээр 64 цаг ордог, 1 улиралд 2-3 группт (жилд нийт 80-100 оюутан) сонгон судалдаг. Оюутан нарт япон хэлний цагаан толгой болон канжи үсгийн анхан шатны мэдлэг, ахуйн ба ажил хэргийн хүрээнд харилцах энгийн загварыг эзэмшүүлж хэрэглэх чадварыг олгохын зэрэгцээ япон орны түүх соёл, зан заншил, эдийн засаг, урлаг спортын тухай мөн газар нутаг, хөгжлийн онцлогоос танин мэдүүлэх зорилготой хичээл юм. Оюутнууд япон хэл- орон судлалын хичээлийг олноор сонгон үздэг шалтгаан нь:
1. Япон хэлний өгүүлбэрийн зохион байгуулалт, загвар нь ойролцоо тул монгол хүний сэтгэлгээнд ойр, ярьж сурахад харьцангуй хялбар учраас
2. Азийн орнуудыг чиглэн явуулах японы эдийн засгийн бодлогын улмаас япон хэл нь эдгээр орнуудад ажил хэргийн хоёрдогч хэл болон түгсэн учраас
3. Манай улсад хамгийн том хандивлагчийн хэл бөгөөд сүүлийн үед япон улстай хамтран ажилладаг компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд олширч тэнд япон хэлний зохих мэдлэгтэй боловсон хүчний хэрэгцээ их байгаа учраас
4. Японы соёл, урлагийг сонирхох, ялангуяа анимэ, манга хэмээх японы онцлогтой хүүхэлдэйн кино, зургийг үзэж ойлгох хүсэлтэй хүүхэд залуус олон байгаа учраас
5. Зөвхөн Япон улсын давтагдашгүй онцлог, өвөрмөц соёл, сэтгэлгээг илтгэдэг самурай, нинжа, гейша гэх мэт ойлголтууд сонирхолтой байдаг учраас
6. Сургуулиа төгсөөд японд суралцахын тулд япон хэлний анхан шатны мэдлэг эзэмших зорилготой оюутан олон байгаа учраас зэрэг болно.
Аливаа хэл орон судлалын ухаанд, ялангуяа ойр дөт улс орнуудыг судлахад харьцуулсан судалгааг хийх явдал холбогдох орнуудын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцох явдлыг өрнүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхэд практикийн ач холбогдолтой байдаг тул монгол хэл, сэтгэлгээний загварын онцлогтой харьцуулах, тайлбарлах, утгыг ойлгуулан цээжлүүлэх аргаар хичээлээ явуулдаг.