dc.description.abstract |
Монгол Улсын компанийн засаглалын эрх зүйн орчны хөгжлийн түвшин нь хувьцаат компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) хараат бус гишүүдийн үүрэг, хариуцлагын зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Энэхүү судалгаанд нээлттэй хувьцаат компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн эрх зүйн зохицуулалтыг олон улсын сайн туршлагатай харьцуулан судалж, Монгол Улсын эрх зүйн орчны онцлогийг онол, практикийн үүднээс тодорхойлохыг зорьсон.
Энэхүү судалгааг Монгол Улсын болон олон улсын эрх зүйн зохицуулалтад ТУЗ-ийн хараат бус гишүүний үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг судлах, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад хэрхэн нутагшуулах боломжтойг тодорхойлох, Монгол Улсад ТУЗ-ийн хараат бус гишүүний эрх зүйн хариуцлагын хамгаалалтын механизм, практик хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилго зорилтын хүрээнд хийсэн бөгөөд онолын суурь судалгаа, эрх зүйн зохицуулалтын харьцуулалт хийж үр дүнг дүгнэлээ.
Судалгааны гол дүгнэлт: Монгол Улсад ТУЗ-ийн хараат бус гишүүний үүрэг, хариуцлагын эрх зүйн зохицуулалт нарийвчилсан бус, хариуцлагын хамгаалалтын механизм, түүнд хамрагдах байдал бүрэн төлөвшөөгүй байна. Цаашид энэхүү судалгааны үр дүнг хэрэгжүүлэхэд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд хууль санаачлагч болон хууль тогтоогч, түүнд санал өгөх олон нийт оролцогч тал байх ба КтХ-д холбогдох нарийвчилсан зохицуулалтыг оруулж батлах алхмыг хэрэгжүүлнэ.
Харин Засаглалын кодекс, ХК-иудын өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд хувьцаа эзэмшигчид, ХК-иуд, СЗХ, даатгалын компаниуд оролцогч тал байх ба СЗХ-с Кодексийн хүрээнд нарийвчилсан зохицуулалтыг хийх, ХК-иуд өөрсдийн ТУЗ-н үйл ажиллагааны эрсдэлийн бодлого, хамгаалалтын арга хэрэгслийг олон нийтэд нээлттэй байршуулах, хувьцаа эзэмшигчид мөн үүнийг шаардах, даатгалын компаниудын хувьд хариуцлагын даатгалын бүтээгдэхүүнээ илүү боловсронгуй болгож компаниудад санал болгох зэрэг алхмыг хэрэгжүүлнэ. Ийнхүү хэрэгжүүлснээр, богино хугацаанд компаниудын засаглалын түвшин, хуулийн нийцлийн хувь хэмжээ өсөх, хувьцаа эзэмшигчид компаниудад итгэх итгэл нэмэгдэх зэрэг үр дүн гарах бөгөөд урт хугацаанд МУ-ын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, түүнийг дагаад эдийн засгийн өсөлт бий болох зэрэг үр нөлөөтэй. |
en_US |