Хураангуй:
Өнөөгийн эдийн засаг, бизнесийн харилцаанд хүний нөөцөд мэргэжлийн ур чадварын алдаанаас илүүтэйгээр ёс суртахууны алдаа гарах нь ихэсчээ. Гадны улс орны жишээнээс харахад энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засаг, бизнесийн орчноо өөрчлөхөд анхаарахаас илүүтэйгээр ёс суртахуунлаг мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байна. Иймээс Бизнесийн сургуулиудын олон улсын магадлан итгэмжлэлийн (ACBSP, AACSB) байгууллагууд сургалтын хөтөлбөрт ёсзүйн агуулгыг заасан байдаг бөгөөд их, дээд сургуулиуд өөрсдийн онцлогоос шалтгаалан тусгайлсан нэг хичээл, эсвэл хичээлийн хөтөлбөрүүдэд тодорхой хэмжээний агуулгатай байх шаардлага тавьдаг. Энэ нь сургалтын болон хичээлийн хөтөлбөр дэх ёсзүйн агуулга ямар байгаагаас тухайн сургуулийн бэлтгэж буй мэргэжилтний ёс суртахуун хэмжигдэж байгааг илтгэнэ. Энэ судалгаагаар СЭЗДС-ийн 4 мэргэжлийн хөтөлбөрийг сонгон авч, мэргэжлийн хичээлийн хөтөлбөр дэх ёсзүйн агуулгын хэмжээ оюутны ёс суртахуунд нөлөөлж буй эсэхийг нэг ба дөрөвдүгээр курсийн оюутнуудын ёс суртахууны төлөвшлийн харьцуулсан судалгаагаар авч үзэв. Судалгааны үр дүнгээс мэргэжлийн хичээлийн хөтөлбөр дэх ёсзүйн агуулга нь мэргэжилтний ёс суртахууны төлөвшилд нөлөөлж буй нь ажиглагдаж байна. Ёс суртахууны төлөвшил нь цогц асуудал учир цаашид илүү олон мэргэжлийн хөтөлбөр болон олон жилийн үр дүнг харьцуулан судлах нь зүйтэй юм.