Хураангуй:
Дэлхийн улс орнууд НҮБ-аас баталсан ТХЗ-уудыг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар
ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, иргэн бүрийн амьдралын чанарыг
дээшлүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Боловсрол нь эдгээр бүх зорилгод
хүрэх нэн чухал арга зам юм. 2024 оны байдлаар Монгол улсын хувьд 871 ЕБС-иудад
нийт суралцагчдын 62.4% нь суралцаж байна. Хэдий тийм боловч боловсролын салбарт,
тэр дундаа ерөнхий боловсролын сургалтын байгууллагад тогтвортой хөгжлийн
биелэлтийг хэмжсэн тайлан, судалгаа хараахан байхгүй байна. Тийм ч учраас олон улсад
түгээмэл хэрэглэгдэж буй байгаль орчин, нийгэм, засаглалын үнэлгээний аргазүйгээр
ТХЗ-уудын хэрэгжилтийн тайланг бэлтгэхэд ЕБС-иуд бэлэн байгаа эсэх, үүнд цаашид
анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор энэхүү ажлыг хийж гүйцэтгэлээ.
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх 871 ЕБС-иудын 50.1% нь
буюу 437 сургууль энэхүү судалгаанд хамрагдсан. Тоон судалгааг асуулгын аргаар
зохион байгуулж, түүний үр дүнд суурилан цөөн тооны кейс судалгаа болон экспертийн
ярилцлагуудыг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнг дундаж оноогоор авч үзвэл хамгийн өндөр нь салбарын
нэмэлт үзүүлэлт буюу нийт 4 онооноос 3.22, засаглал 3 онооноос 1.95, нийгэм 5 онооноос
2.74 байв. Харин хамгийн бага үзүүлэлтүүд нь ТХ-ийн удирдлагын тогтолцоо буюу нийт
7 онооноос 3.32 болон байгаль орчин 3 онооноос 1.01 гарлаа.
Түүнчлэн, дээр дурдагдсан үзүүлэлтүүдийг сургуулийн төрөл, байршил, олон
улсын эко сүлжээнд нэгдсэн эсэх мөн тогтвортой хөгжлийн боловсрол -II төсөлд
хамрагдсан эсэх гэсэн дөрвөн төрлөөр CrossTab шинжилгээ хийв. Ингэхэд нийгмийн
үзүүлэлт дээр дээрх бүх хамаарлууд ямар ч статистик ач холбогдолгүй буюу ялгаа
байсангүй. Харин ТХ-ийн удирдлагын тогтолцоо, засаглал, байгаль орчин, салбарын
нэмэлт үзүүлэлтүүд нь олон улсын эко сургуульд хамрагдсан эсэх дээр бүгд статистик
ач холбогдолтой байв.
Дээрх дүгнэлтүүдээс Монгол улсын ЕБС-иуд нь байгаль орчин, нийгэм,
засаглалын тайлан гаргахад хараахан бэлэн биш байна. Мөн байгаль орчны асуудлыг
нэн тэргүүнд зайлшгүй анхаарах шаардлагатай гэж судалгааны баг үзлээ. Цаашид,
тогтвортой хөгжлийн удирдлагын тогтолцоо болон хүний нөөцийг хууль эрхзүй,
бодлогын түвшинд тодорхой болгох, чадавхижуулах, мөн байгаль орчин, нийгэм,
засаглалын үнэлгээний зааварчилгааг бодлогын түвшинд боловсруулан нэвтрүүлэх
шаардагатай байна.