Хураангуй:
Монгол улсын хувьд хамгийн сүүлд 2017 онд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нээлттэй зарлагдсан байна. Үүнээс үүдэн Засгийн Газрын үнэт цаасны спот хүүгийн муруйг шууд тооцоолох боломжгүй байна. Спот хүүгийн муруй нь бондын зах зээлд өргөн ашиглагддаг, хэрэгцээ шаардлага өндөртэй, мөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж болохуйц гэж үзсэн учраас хоёр аргаар загварчлалаа.
Эхний аргачлалын хувьд Нелсон- Сигел, Нелсон-Сигел-Свенссен, матрицан ачаалах, энгийн ачаалах гэх мэт боломжит хувилбарууд байсан ч Монголын биржийн бус зах зээл нь хөрвөх чадвар муутай, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх сул учир зах зээлийн үнэ нь зах зээлийн зарчмаар тогтоогүй гэж үзэн энгийн ачаалах аргыг сонгон спот хүүгийн муруйг байгуулсан.
Хоёр дах аргачлал нь бином хүүгийн модыг байгуулж үүнээсээ форвард хүүнүүдийг олсон. Форвард, спот болон нэрлэсэн хүүгийн муруйнуудын аль нэг нь мэдэгдэж байхад бусад муруйнуудаа байгуулах боломжтой. Олсон форвард хүүгийн муруйнаас спот хүүгийн муруйг байгуулсан.
Үр дүнгийн хувьд 2 аргаар байгуулсан спот хүүгийн муруйнууд нь хоёул өсөх хандлагатай ба бараг л адилхан байсан. Иймд байгуулсан спот хүүгийн муруй нь алдаа багатай байна гэж үзсэн. Загварчилсан спот хүүгийн муруйн дээр үндэслэн хөрөнгө оруулалтын санал зөвлөмжийг хүргүүлсэн.