Хураангуй:
Компани өр төлбөр болон эздийн өмчийн хослолыг оновчтой болгосноор жинлэсэн дундаж капиталын өртөг буурч, зах зээлийн үнэлгээ өсөж, ашигт ажиллагаа сайжирдаг. Энэхүү судалгааны ажилд хүнсний салбарын оновчтой бүтцийг тодорхойлох боломж, арга зам байгаа эсэх талаар эконометрик загвар ашиглан судаллаа. Компанийн нэгж хувьцаанд ногдох ашгийг хамаарах буюу тайлбарлагдагч (эндоген) хувьсагчаар авсан. Харин эздийн өмчийн харьцаа, урт хугацаат өр төлбөрийн харьцаа, дампуурах эрсдэлийг үл хамаарах буюу тайлбарлагч (экзоген) хувьсагчаар сонгон авсан.
Нэмэлтээр ашиг, хөрвөх чадвар, үйл ажиллагааны харьцаа үзүүлэлтүүдийг сонгон авсан ч регрессийн хувьд ач холбогдолгүй үр дүн ажиглагдсан тул дээрх хувьсагчуудыг хасаж тооцсон. Мөн хувьцааны үнийг хамгийн өндөр байлгах зорилгоор регресс үнэлсэн ч ач холбогдолгүй гарсан. Панел өгөгдлийн шинжилгээнд кросс секшон болон хугацаан цувааны өгөгдлийн хэмжээнээс хамаарч үнэлгээний аргаа сонгосон ба хаусменын шалгуураар шалгаж тогтмол нөлөөллийн үнэлгээний аргыг судалгаандаа ашигласан. Шинжилгээний үр дүнд эздийн өмчийн харьцаа хүнсний салбарт “цаг хугацаанаас үл хамааран” 0.38842-аас 0.89516 интервалын хооронд утгаа авах ба 0.64179 байх үед нэгж хувьцаанд ногдох ашиг хамгийн өндөр байна. Хагас жил бүрийн нөлөөллийн үлдэгдлүүдийг ашиглан тухайн хугацааны капиталын оновчтой бүтцийг тодорхойлох үед салбарын хувьд одоогоор оновчтой бүтэцгүй байгаа нь ашигт ажиллагааг хамгийн өндөр түвшинд байлгаж чадахгүй байна гэж дүгнэлээ.