Хураангуй:
Бүс нутгийн цалингийн ялгаа их байх нь бүс нутгийн хөгжлийн ялгааны илрэл юм. Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын бүс нутгийн цалингийн ялгааг бий болгож буй хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөллийг тодорхойлох зорилгоор аймаг, нийслэлийн түвшний панел өгөгдлийг сонгон авч, олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Шинэ эдийн засгийн газарзүйн онолоор зах зээлийн боломж болон үйлдвэрлэлийн салбарын төрөлжилт нь бүс нутгийн цалинд нөлөөлдөг хэмээх онолын таамаглалыг судалгааны ажлаараа дэвшүүллээ. Эмпирик шинжилгээний үр дүнд бүс нутгийн зах зээлийн боломж нэмэгдэх нь дундаж цалинг өсгөдөг болохыг тогтоов. Тодруулбал, бусад аймгуудтай ойр буюу төвийн бүсэд байрладаг аймгуудад үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэхэд дундаж цалин өсдөг байна.
Түүнчлэн, тухайн аймгийн үйлдвэрлэлийн төрөлжилтөөс хамаарч цалин ялгаатай байдаг аж. Тухайлбал, аймаг дахь малын тоо нэмэгдэх нь улирлын шинжтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ур чадвар багатай буюу цалин багатай ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн дундаж цалинг бууруулж байна. Харин аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг мэргэшсэн ур чадвар шаарддаг, тогтмол ажлын байр бүхий үйлдвэрлэлийн салбарын өргөжилт нь тухайн аймгийн дундаж цалинг өсгөдөг болохыг шинжилгээний үр дүнд илрүүллээ.
Цаашид, энэ чиглэлийн судалгааны ажлуудад бүс нутгийн нийгэм, эдийн засгийн онцлогийг тодорхойлж, судалгааны үр дүнг илүү бодитой болгох нь чухал юм. Ингэснээр бүс нутгийн цалингийн ялгааны шалтгаан болон тэдгээрийн нөлөөллийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэх болно.