Хураангуй:
Бизнесүүдийн оршин тогтнох үндэс суурь нь хэрэглэгчийн амьдралын хэв маяг, хэрэгцээ, шаардлагад тохирсон бараа, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх асуудал бөгөөд судлаачид амьдралын хэв маяг нь хэрэглэгчийн худалдан авах шийдвэрт хүчтэй нөлөөлж байдаг гэж үзжээ. Ийм учраас амьдралын хэв маягийн үзүүлэлтүүдийг судалснаар, үр дүнг бизнесийн шийдвэр гаргалтуудад ашиглах боломжтой юм.
Амьдралын хэв маягийн тухай ойлголтыг 1963 онд Lazer (Plummer 1974) хэрэглэгчийн зан төлөв, тэдний харилцааг хэмжих маркетингийн чиглэлийн аргыг боловсруулсан ба амьдралын хэв маягийг хэмжихэд өргөн хэрэглэгдэж буй арга болох үйл ажиллагаа, сонирхол, үзэл бодол (AIO) загварыг 1971 онд Wells болон Tigert (Plummer) өргөжүүлэн боловсруулсан байдаг. (Willam, 1963)
Бид тус онолуудад суурилсан AIO (Hyun-Jeong Lee, 2005) загвар асуулгаар Улаанбаатар хотын орон сууцны байршил бүрийг хамруулсан 677 өрхийн түүвэр судалгааг авсан ба түүврийн хувьд эх олонлогийг төлөөлөх чадвартай болохыг харуулсан. Түүвэр судалгаааны үр дүнд давтамжийн болон хамаарлын судалгааг өрхүүдийн байршлын категориудаар ялган хийсэн болно.
Бидний судалгааны үр дүнгээр ихэнх өрх амарч, тайвширч чаддаг орон гэрийг хүсэмжилдэг болох нь тодорхойлогдсон бөгөөд энэ тавтай байдлыг бий болгохын тулд байгальтай ойр байршилтай, эрчим хүчний хэмнэлтээр тоноглогдсон, аюул, ослыг урьдчилан мэдүүлдэг түүнээс хамгаалагдсан, фитнес клуб болон дасгал сургуулилт хийх талбайг шийдсэн байх зэрэг хүчин зүйлүүдийг анхаарах шаардлагатай болох нь харагдаж байна.
Тус судалгаа нь AIO (үйл ажиллагаа, сонирхол, үзэл бодол) загварт үндэслэн өрхийн амьдралын хэв маягийг тодорхойлж, амьдралын хэв маягийн хувьсагчууд нь хэрэглэгчийн орон сууцны худалдан авалтанд нөлөөлөх талаарх дүгнэлт, зөвлөмж гаргаж байгаагаараа онцлог юм.