Хураангуй:
Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр аливаа улсын эдийн засаг тэлэх, санхүүгийн салбар хөгжих, мөнгөн урсгал өсөх боломжтой байдаг. Манай улсын иргэдийн санхүүгийн мэдлэг ойлголт болон мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, банкны салбарын хадгаламжийн бүтээгдэхүүнээс гадна хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх боломж байгаа талаар ойлголттой болсоор байгаа билээ. Иймд хөрөнгийн зах дээр хөрөнгө оруулалт хийх хандлагыг нэмэгдүүлэх, сайжруулах ажлын хүрээнд финтекээр дамжуулан үйл ажиллагааг цаг алдахгүй хүргэх нь чухал юм. Аливаа бизнесийн байгууллагын туйлын зорилго нь ашгийн хэмжээг хамгийн их түвшинд байлгах бөгөөд нөгөө талаас тогтвортой байдлыг хангах буюу өнөөдрийн хэрэгцээг хангахын тулд ирээдүйн нөөцийг ашиглахгүй байх явдал юм. Орчин үед санхүүгийн салбарт энэхүү зорилгуудыг хангах томоохон боломжуудыг бий болгосон шинэ салбар үүсээд буй нь финтек юм.
Финтек нь дижитал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулснаар нэг талаас ногоон санхүүжилт, ногоон эдийн засагт хувь нэмрээ оруулж буй бол нөгөө талаас санхүүгийн байгууллагын үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, зардал, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож байна. Уг салбар нь анх 1866 онд санхүүгийн технологийн дэд бүтцийг бий болгох үндсэн зорилготойгоор үүссэн. Олон улсад хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ҮЦК-ууд финтекээр дамжуулан хүргэх үр ашгийн талаар судалгаа шинжилгээ хийгддэг ба Монгол Улсын хэмжээнд финтект суурилсан зээлийн бүтээгдэхүүн, банкны салбарын финтек судалгааны ажлууд байдаг боловч ҮЦК-ийн финтек ашиглаж хөгжүүлэлт хийж байгаа судалгааны ажил бага байна.
Иймээс миний бие финтект суурилсан хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг ҮЦК-ийн харилцагч хэрхэн нөлөөлөх талаас болон олон улсын сайн туршлага судлах зорилготойгоор энэхүү судалгааг боловсрууллаа. Мөн энэхүү судалгааг хийж гүйцэтгэснээр манай улсын хөгжиж буй хөрөнгийн зах зээл дээр ҮЦК-ийн үйл ажиллагаа сайжрах, дижитал хэлбэрээр үйлчилгээ бүтээгдэхүүнээ харилцагчдад хүргэж компанийн зардал буурах, үр ашиг нэмэгдэх олон давуу талуудыг судлан харах боломжтой юм.