Хураангуй:
Тухайн улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ДНБ-нд хэдэн хувь эзэлж байгаагаар нь хэмждэг ба манай улсын хувьд 2017 онд хөрөнгийн зах зээлд оруулсан нийт хөрөнгө оруулалт ДНБ-ний 9%-тай тэнцэж байсан бол 2023 оны байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11.6 тэрбум төгрөгт хүрч тухайн жилийн ДНБ-ний 16.9%-тэй тэнцсэн нь манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил асар хурдацтай тэлж буйг илтгэж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тараан байршуулах хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Энэхүү судалгааны ажил нь хувьцааны өгөөжид макро эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөөлдөг гэгдэх Арбитражийн үнийн онол болон орчин үеийн багц сонголтын онол болох Марковицын багц сонголтын онол дээр тулгуурласан.
МХБ дээрх Топ-20 индекст багтсан хувьцаануудаас пассив хөрөнгө оруулалтын багцаас өндөр өгөөж хүртэх боломжтой актив хөрөнгө оруулалтын багцыг үүсгэсэн ба та 2021 онд 1 төгрөгөөр пассив багцад хөрөнгө оруулвал 2024.04.30-нд таны хөрөнгө 0.97 төгрөг болох байсан бол хамгийн бага эрсдэлтэй багцад хөрөнгө оруулвал хугацааны эцэст 1.44 төгрөг хүртэл таны мөнгө өсөх боломжтой байсан. Харин шарпын харьцаа өндөртэй багцад хөрөнгө оруулвал таны оруулсан нэг төгрөг хугацааны эцэст 1.92 төгрөг болох байжээ.