Хураангуй:
Мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлснээр өмчийн хяналтыг сайжруулах нь энгийн бөгөөд чухал алхам. Төрийн өмч, хөрөнгийг олон нийтийн хараанд байлгах үүднээс мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Мэдээллийн ил тод, тайлагналын талаар үүрэг хүлээж буй төрийн аудитын байгууллагаас гадна компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн энэ асуудлаар хүлээсэн үүргээ биелүүлэх эрх хэмжээг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэх асуудал тулгамдаж байна.
Монгол улсын төрийн өмчит компанийн хариуцлага, гүйцэтгэлийг сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагад нийцүүлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход ахиц дэвшил гаргах үүднээс компанийн засаглалын нийтлэг тулгамдсан асуудал бол мэдээллийг нээлттэй, ил тод болгох хууль эрх зүйн болон зохицуулалтын цогц тогтолцоо дутмаг байгаа явдал зэргийг судлах нь зайлшгүй юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компаниудын мэдээллийн ил тод байдал, тайлагналын асуудлыг сайжруулах арга замыг эрэлхийлсэн уг судалгаагаар Монгол улс дах төрийн өмчит компанитай холбоотой мэдээллийн ил тод байдлын зарим асуудал, тэдгээрийн өнөөгийн зохицуулалт, практикийг нарийвчлан судалж, компанийн сайн засаглалын зарчим, олон улсын чиг хандлагад тулгуурласан дүгнэлт, санал гаргахыг зорилоо.