Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд Мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн шинжилгээний үе шатад хийгддэг бичиг баримт, шаардлагуудыг Generative AI ашиглан шийдсэн платформын судалгаа болон прототайпыг хийж гүйцэтгэсэн.
Судалгааны эхэнд мэдээллийн технологийн аутсоурсингийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн хандлагыг тодорхойлж, оролцогч талуудын тулгардаг асуудлуудыг шинжиллээ. Хиймэл оюун ухаан, ялангуяа Generative AI технологийн өнөөгийн хөгжил, түүний чадамжуудын талаар судалгаа хийснээр аутсоурсингийн төслүүдэд түүнийг ашиглах боломжийг тогтоож, шинэ шийдлийг гаргасан юм. Судалгааны үр дүнд аутсоурсингийн төслүүдэд бичиг баримтжуулалтыг Generative AI ашиглан автоматжуулах програм хангамжийн зохиомж, прототайпыг боловсруулсан бөгөөд цаашид энэхүү шийдлийг бодит үйлчилгээжүүлэх боломжтой болсон юм. Энэ нь төслийн талуудын хүчин чармайлт, зардлыг бууруулж, бичиг баримтжуулалтын чанарыг сайжруулан, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалж чадна. Шинэ шийдэл нь Gen AI-ийн чадавхыг ашиглан төслийн шаардлагын бичиг баримт, эпик баримт бичиг, диаграм зэрэг бичиг баримтжуулалтыг автоматаар боловсруулж гаргаж өгдөг онцлогтой юм. Энэ нь төслийн шинжилгээний явцыг хурдасгаж, бичиг баримтжуулалтын чанарыг сайжруулахад тусална.