Хураангуй:
Энэхүү судалгааны зорилго нь компанийн үнэлгээнд капиталын бүтцийн үзүүлэх нөлөөллийг тогтоох юм. Судалгааны объект нь Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд бүртгэлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын 6 компани буюу “АПУ” ХК, “Мах импекс” ХК, “Талх чихэр” ХК, “Монос хүнс” ХК, “Сүү” ХК, “Түмэн шувуут” ХК ба тэдгээрийн сүүлийн 5 жилийн үзүүлэлтийг ашиглан шинжилгээ гүйцэтгэсэн. Судлагдсан байдлаас үзвэл капиталын бүтэц компанийн үнэлгээнд эерэг, сөрөг хамаарал болон хамааралгүй гэх үр дүнгүүд гарсан байсан ба энэ нь судалгаа хийгдсэн улс орон, салбар, цаг хугацаа, ашигласан хувьсагчид зэрэг олон хүчин зүйлсээс шалгаалан ялгаатай байв. Капиталын бүтцийн голлох онолууд болох Модиглиани болон Миллерийн онол, трейд-офф онол, сонгох дарааллын онол, агентын зардлын онол зэрэг онолуудад үндэслэн компанийн үнэлгээнд капиталын бүтэц болон бусад нөлөөлөх хүчин зүйлс болох ашигт ажиллагаа, компанийн хэмжээ, биет хөрөнгийн хэмжээ нь хэрхэн нөлөөлөхийг панел регрессийн шинжилгээний загваруудаар үнэлсэн. Судалгааны үр дүнд компанийн үнэлгээнд капиталын бүтэц болон биет хөрөнгийн хэмжээ сөргөөр нөлөөлж, ашигт ажиллагаа болон компанийн хэмжээ нь эерэгээр нөлөөлдөгийг олж тогтоосон. Энэ нь капиталын бүтцэд өр төлбөр эздийн өмчөөс ихсэх тусам компанийн үнэлгээг бууруулдаг гэх нөлөөллийг илтгэнэ.