Хураангуй:
Маргаан шийдвэрлэх өөр механизм болох арбитр нь арилжааны маргааныг үр ашигтай, уян хатан, мэргэжлийн шийдвэрлэх арга зам болон өргөнөөр хэрэглэгдэх болсон. Гэсэн хэдий ч арбитрын ажиллагаанд шүүхийн хөндлөнгийн оролцоо хэр их байгаа нь маргааны сэдэв хэвээр байна. Энэхүү дипломын ажил нь арбитрын ажиллагаанд шүүхийн хөндлөнгийн оролцооны олон талт шинж чанарыг судалж, түүний үндэслэл, үр дагавар, талуудын бие даасан байдал, арбитрын ажиллагаа болон шүүхийн хяналтын хоорондын тэнцвэрт байдлыг судалсан болно.
Мөн эрх зүйн зарчмууд, шүүхийн практик, эрдэм шинжилгээний дүн шинжилгээг цогцоор нь авч үзэх замаар арбитрын үйл явцын үе шатуудад тулгардаг шүүхийн хөндлөнгийн оролцооны хэлбэрийг судалсан болно. Шүүхийн хөндлөнгийн оролцоог үндэсний Арбитрын тухай хууль болон UNCITRAL-н загвар хуулийг тусгасан олон улсын нийтлэг болон ялгаатай байдлыг судалж, тайлбарлах замаар сул тал болон давуу талыг гаргаж ирэхийг зорьсон.
Талуудын хооронд үүссэн маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх гэдэг нь талууд хоорондын маргаан таслах эрхийг гуравдагч этгээд буюу хараат бус, мэргэшсэн этгээдэг үлдээж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ ажиллагаанд шүүхээс заавал оролцох шаардлага тулгардаг. Энэ шүүх арбитрын үйл ажиллагаанд оролцохдоо шүүхийн туслалцаа, шүүхийн оролцоо гэж хуваадаг. Шүүхийн туслалцаа гэдэгт түр арга хэмжээ авах, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад туслалцаа үзүүлэх шүүхийн үйл ажиллагаа юм. Харин шүүхийн оролцоо гэдэг нь арбитрын шийдвэрийг хэргийн оролцогчдын гомдол, өргөдлийн дагуу хянан үзээд хэвээр үлдээх эсхүл хүчингүй болгох, түдгэлзүүлэх шүүхийн эрх хэмжээ, үйл ажиллагааг ойлгоно.
Энэхүү судалгааны ажлаараа Монгол улсын арбитрын тогтолцоо болон шүүхээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгодог эрх зүйн зохицуулалтууд, хүчингүй болгосон түгээмэл шалтгаануудыг судлан, түүнд хууль зүйн дүн шинжилгээ хийлээ.