Хураангуй:
Монголын хөрөнгийн биржийн 2022 оны жилийн эцсийн тайлангаас харахад Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 15% хувиар өсөж, 6.9 их наяд төгрөгт хүрсэн. 2018-с хойш байнгын өсөлттэй байгаа ба 2021 болон 2022 онуудад харьцангуй өндөр өсөлттэй, цаашид ч өсөх чиг хандлагатай байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны тайланд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бүрдүүлж байгаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нийт 183 компаниас 86% буюу 156 ХК нь төрийн өмчийн оролцоогүй, бүрэн хувьчлагдсан компани байна. Салбараар нь авч үзвэл эдгээр 183 компаниас “Барилга, зам угсралт”-ын салбарын 14 компанийн үнэт цаас МХБ-д бүртгэлтэй байна. Үүнээс “Авто зам”-ын салбарт үйл ажиллагаа явуулдаг зөвхөн 4 компани байна. Харин 2023.10.05-ны байдлаарх Зам, тээврийн хөгжлийн яаманд бүртгэлтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг авто замын тусгай зөвшөөрөлтэй 409 аж ахуйн нэгжүүд байна. Эдгээрээс зөвхөн 4 компани (0.9%) нь хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээнд оролцдог юм.
Санхүүжилтийн эх үүсвэр аль болох олон төрөл байснаар компанийн үйл ажиллагаа тогтвортой байж цаашид өсөн дэвжих боломж нээгдэнэ. Өнөөгийн байдлаас харвал салбарын компаниудын санхүүжилтийн үндсэн эх үүсвэр улсын төсөв ба компаниуд өрийн эх үүсвэр эсвэл ХХК-ийн өөрийн анхны хөрөнгө оруулагчийн хувьцааны санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж байна. Онолын хувьд хөрөнгийн зах зээл нь худалдан авсан хувьцааны ногдол ашиг хэлбэрээр тогтвортой орлого авах; Гуравдагч талын хөрөнгө оруулагчдын оролцоотой арилжааны төслүүдийн хөгжилд дэмжлэг өгөх; Үнэт цаас худалдан авах, борлуулах замаар ашиг олох; Үнэт цаасны нэмэлт арга хөгжиж буй төслүүдийг дэмжих, ашиг орлого олох шинэ түвшинд хүрэх зэрэг боломжийг олгодог.
Тиймээс ХЗЗ-ийг ашиглан нээлттэй компани болсноор олон нийтэд хувьцаагаа санал болгон санхүүжилт татаж эсвэл бонд гаргаж санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж байгаа ба энэ боломжийг судлахгүй, ашиглахгүй байгаа нь салбарын нэгэн тулгамдаж буй асуудал болж байна. Судалгааны ажлын зорилго нь авто замын компаниудын санхүүжилтийн бусад боломжийг судлан, эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж, арга замыг тодорхойлоход оршино.
Сэдвийн хүрээнд гадаад болон дотоодын улсад судлагдсан байдлын үр дүнгээс харахад гадаадын улс орнууд авто замын санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн ашиглалтын тухай бусад улс орнуудын кейсийг судлан харьцуулалт хийн үр дүнг тайлбарласан нь нийтлэг тохиож байна. Тиймээс энэхүү судалгаагаар ОУ-ын кейсүүдийг судлан Монгол улстай харьцуулалт хийж, авто замын салбарын экспертүүдтэй ярилцлага хийж, сонгогдсон ХХК болон ХКомпаниудын санхүүгийн тайлан мэдээлэл, хоёрдогч өгөгдлүүдэд шинжилгээ хийж, үр дүнг тайлбарлалаа.