Хураангуй:
Өнөөгийн нийгэмд байгальд ээлтэй, тогтвортой, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээ эрэлттэй болж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцэн байгууллагууд ногоон төөрөгдөл хийх үйлдэл олширч байна. Ногоон төөрөгдөл нь дан ганц байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, хэрэглэгчийн эрх ашиг, байгаль орчин, ёс зүйн хувьд хохирол учруулж болзошгүй юм. Тиймээс уг судалгаагаараа Z үеийнхний хувцас худалдан авах шийдвэр гаргалтад ногоон төөрөгдөл хэрхэн нөлөөлж буйг тодорхойлж, санал зөвлөмж боловсрууллаа. Судалгааны арга зүйн хувьд эх олонлогоор Монгол улсын нийт Z үеийнхнийг сонгон авсан бөгөөд эх олонлогийг 95% итгэх түвшинд төлөөлж чадахуйц 403 түүврийг бүрдүүлж, Microsoft Forms платформыг ашиглан асуулгын судалгаа авсан бөгөөд сэдвийн судлагдсан байдалд үндэслэн онолын загвар болон таамаглалаа боловсруулсан. Үндсэн 7 хувьсагчийг тодорхойлсон бөгөөд үүнд, ногоон төөрөгдлийн талаарх ойлголт (GWP), ногоон брэндэд итгэх итгэл (GT), байгаль орчны талаарх санаа зовнил (GC), хэрэглэгчийн эргэлзээ (PCS), хэрэглэгчийн үр дүнтэй байдал (PCE), санхүүгийн эрсдэл (PFR), худалдан авах хүсэл эрмэлзэл (GPI) орно. IBM SPSS програм ашиглан хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ, регрессийн шинжилгээ тус тус гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнд, худалдан авах хүсэл эрмэлзэлд ногоон төөрөгдлийн талаарх ойлголт болон санхүүгийн эрсдэл сөргөөр нөлөөлдөг бол ногоон брэндэд итгэх итгэл болон хэрэглэгчийн үр дүнтэй байдал эерэгээр нөлөөлдөг байна.