dc.description.abstract |
Үнэт цаасанд өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн болон хуулийн этгээдийг хөрөнгө оруулагч гэнэ. Үнэт цаасны зах зээлийн гол оролцогчдын нэг нь хөрөнгө оруулагч юм. Хөрөнгө оруулагч нь үнэт цаасны зах зээлийн үндсэн зарчим болох мэдээллийн ил тод байдлын зарчмын дагуу мэдээлэл авах, зах зээлд чөлөөтэй оролцох, хууль болон холбогдох журмуудад заасан эрхийг эдлэх, эрхээ хамгаалуулах гэх мэт үндсэн эрхтэй. Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах сайн механизмтай байх нь хөрөнгө оруулагчийн үнэт цаасны зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ба уг зах зээл өргөжин тэлэх эерэг нөлөөтэй. Монгол улсын хувьд хууль, журмуудаар хөрөнгө оруулагчийн эрхийг баталгаажуулах, үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт үүрэг хүлээлгэх байдлаар хөрөнгө оруулагчийн эрхийг хангадаг бол эрх нь зөрчигдсөн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо болон шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалтуудыг хэрэглэж байна. Энэхүү судалгааны ажилд Монгол улсын эрх зүйн зохицуулалт болон гадаад улсын жишээгээр ХБНГУ болон АНУ-ыг сонгон авч судалсан. Монгол улсыг АНУ болон ХБНГУ-тай харьцуулан судалснаар Монгол улсын эрх зүйн зохицуулалтад ажиглагдаад буй давуу болон сул талууд мөн гадаад улсын сайн жишээг гарган дүгнэсэн болно. Манай улсын хувьд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах сайн механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ба зайлшгүй байх ёстой эрх зүйн зохицуулалт буюу хууль, дүрэм журам мөн эдгээрт хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага болон эрхээ хамгаалуулахаар өргөдөл, гомдол гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Харин гадаад улсын жишээтэй харьцуулахад манай улсад үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах тухай нарийвчилсан хууль байхгүй мөн хөрөнгө оруулагчийг хамгаалах сан байхгүй гэдгээрээ сул талтай байна. |
en_US |