Хураангуй:
Техник, технологийн хөгжил дэвшил үсрэнгүй өндөрт хөгжиж, блокчэйн технологи бий болсноор виртуал хөрөнгө гэх ойлголт эдийн засаг, санхүүгийн зах зээлд асар хурдтай нэвтэрч буй өнөө цагт бид цахим технологид суурилсан виртуал хөрөнгийн салбарыг таньж ойлгох, энэхүү зах зээлийн хөгжлийн хурдыг гүйцэж, эрх зүйн орчинг
бүрдүүлэх хүндхэн сорилт дэлхий нийтэд тохиож байна.Виртуал хөрөнгийг хэрэглэж, арилжих нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж, өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь нэмэгдэхийн хэрээр виртуал хөрөнгийг дагнасан нэгээхэн гэмт хэрэг үйлдэгдэх болсон нь виртуал хөрөнгийн арилжаанд дотоод мэдээлэл ашиглан оролцох гэмт хэрэг билээ. Энэхүү судалгааны ажлаар виртуал хөрөнгийн арилжаанд дотоод мэдээлэл ашиглан оролцох гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн шинжийг судлан, тус гэмт хэргийн ойлголт болон шинж, гэмт хэргийн бүрэлдүүнийг тодорхойлсон ба тус гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудал болох виртуал хөрөнгийн арилжааны дотоод мэдээллийн агуулга,жагсаалтыг ижил төстэй дотоодын эрх зүйн зохицуулалт болон олон улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судаллаа.Монгол улсын хувьд виртуал хөрөнгийн арилжаанд дотоод мэдээлэл ашиглан оролцох гэмт хэргийг Эрүүгийн хуульдаа 2021 оны нэмсэн ба тус гэмт хэргийн суурь ойлголт болох виртуал хөрөнгийн арилжааны дотоод мэдээлэл гэж юу болох, дотоод мэдээлэл эзэмшигчийг тодорхойлсон журам, тогтоол байхгүй бөгөөд үүнээс үүдэн тус гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад саад бэрхшээл тулгарч болзошгүй тул үнэт цаасны зах зээл дэх дотоод мэдээллийн жагсаалтыг ашиглан виртуал хөрөнгийн арилжааны дотоод мэдээллийг тодорхойлсон. Мөн Америкийн Нэгдсэн Улс, Европийн холбоо болон Арабын Нэгдсэн Эмират улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, виртуал хөрөнгийн арилжаанд дотоод мэдээлэл ашиглан оролцох гэмт хэргийн дотоодын зохицуулалтад үнэлэлт дүгнэлт өгсөн болно.