Хураангуй:
Энэхүү судалгааны ажлыг баримт бичгийн шинжилгээ, чанарын судалгаа, мэдээлэлд хийх шинжилгээ гэсэн гурван үе шаттайгаар хийж гүйцэтгэв.
Баримт бичгийн шинжилгээний үе шатанд харьцуулах, түүхэн, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх аргуудаар Монголын улс төрийн нам, сонгуулийн тухай эрх зүйн баримт бичгүүдэд шинжилгээ хийж өдгөө үйлчилж буй улс төрийн намын санхүүжилт, эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийлээ.
Судлан буй асуудлуудаар УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, иргэд, судлаачид, гадаадын зөвлөхүүд гэх мэт оролцогч талуудын байр суурь, үнэлэлт дүгнэлтийг аль болох өргөн хүрээнд авч үзэхийн тулд хэвлэгдэн гарсан ном бүтээл, архивын материал, нийтлэл, мэдээ, намуудын уулзалт, хурал зөвлөгөөний материал зэрэг өргөн хүрээтэй мэдээллийг судалсан болно.
Мөн дэлхийн улс орнуудын улс төрийн намын санхүүжилт, чиг хандлагыг харьцуулах аргаар судалж үзэв. Улмаар судалж буй асуудлаар Монголын өнөөгийн нөхцөлд туршлага болохуйц зарим улсыг сонгон авч тэдгээр улсын улс төрийн санхүүжилтийн судалгааны эх сурвалжуудад шинжилгээ хийв. Ингэхдээ тухайн улс орнуудын үйл явцын хамгийн сүүлийн үеийн мэдээ баримт, судалгааны шинэлэг дүнг сонгон авч судлахыг зорилоо.
Чанарын судалгааны шатанд компанийн зохистой засаглал, авлигын талаарх судалгааны ажлын санал дүгнэлтийг харьцуулан гаргасан бөгөөд судалгааны үр дүн, зөвлөмжид тодорхой тусгасан болно.