Хураангуй:
Улс орны эдийн засгийн өсөлт, хөгжил, дэвшил нь эдийн засаг дахь салбаруудын үйл ажиллагаа болон төрөөс явуулж буй бодлогоос ихээхэн хамааралтай билээ. Харин салбарууд нь гинжин холбоосоор холбогдсон бүтэц, зохион байгуулалттай байдаг. Тодруулбал, тухайн салбарын үйлдвэрлэл нь бусад салбаруудаас хэрэглэж буй завсрын хэрэглээ болох орцоос хамаардаг. Эдгээр хамаарлыг нарийвчлан гаргахад түгээмэл ашиглагддаг арга, аргачлал нь салбар хоорондын хүснэгт юм. Манай орны олон тооны эрдэмтэн, судлаачид салбар хоорондын хүснэгт ашиглан Монгол Улсын салбаруудын хамаарлыг зохих түвшинд судалсан байдаг. Салбар хоорондын хүснэгт ашиглан хийсэн ажлын ихэнх нь “Өрсөлдөөнт импортын төрөл”-ийн загварт суурилах замаар матрицан үржүүлэгч хэрэглэн салбаруудын үзүүлэх нөлөөллийн шинжилгээг судалсан байдаг. Бид энэ судалгааны ажлын хүрээнд гарцын үржүүлэгч ашиглан салбаруудын хамаарах хамаарлыг шинжлэхээс гадна дисперсийн хүчин чадлын индекс, дисперсийн мэдрэмжийн индексүүдийг тооцох, улмаар бие биеэсээ хамаарах хамаарлыг нарийвчлан авч үзсэн болно.