dc.description.abstract |
Супер аппликейшн гэдэг нь дотоод болон гадаад технологийн интеграци ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг платформ юм. Тухайн аппликейшн доторх олон үйлчилгээ нь хэрэглэгчдийн амьдралын хэв маягийг бүхэлд нь хамарсан, тэдний өдөр тутмын хэрэгцээг хангахад зориулагдсан байдаг. Жишээлбэл, хэрэглээний төлбөр төлөх, унаа дуудах, банкны үйлчилгээ авах, хоол захиалах гэх мэт олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой нэгдсэн аппликейшн юм. Супер аппликейшн бол Швейцарь армийн хутга шиг хэрэглэгч хэрэгцээ гарсан үедээ шууд гаргаад ашиглах боломжтой олон төрлийн багаж буюу мини аппликейшн агуулсан хэрэгсэл юм.
Мэдээллийн технологийн хөгжил, олон улсын чиг хандлага, Монгол улсын хүн амын дундах ухаалаг утас болон интернэтийн өндөр хэрэглээ, харьцангуй залуу хүн амын бүтэц зэрэг олон хүчин зүйлийн улмаас ухаалаг утасны аппликейшинд суурилсан олон төрлийн үйлчилгээ улам бүр нэмэгдэж буй энэ үед эдгээр олон үйлдэлт супер аппликейшнуудын үйлчилгээний чанарыг хэмжих, хэрэглэгчдийн туршлагыг үнэлэх нь цаашид сайжруулах, хөгжүүлэхэд чухал нөлөөтэй тул энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь супер аппликейшн хэрэглэгчдийн туршлагыг үнэлэх замаар тэдний хэрэглээний онцлог болон хүндрэлтэй талуудыг тодорхойлж, хэрэглэгчдийн хүлээлт болон бодит байдлын зөрүүг илрүүлэх байсан.
Судалгааг гүйцэтгэхдээ дотоодын болон олон улсын ижил төстэй судалгааны ажлуудтай танилцаж, цахим үйлчилгээний чанар, мобайл аппликейшны UX загвар, хэрэглэгчийн туршлагыг үнэлэх зэрэг онолын загваруудыг судалж, супер аппликейшн хэрэглэгчдийн туршлагыг үнэлэх 3 үндсэн хэмжигдэхүүн, 6 хүчин зүйлс, 21 дэд үзүүлэлтийг тодорхойлж, хэрэглэгчдээс анкетын судалгаа авсан.
Судалгааны үр дүнд дээрх 6 хүчин зүйлсийн хувьд хэрэглэгчдийн чухалчлах байдал, одоогийн үнэлгээг илрүүлж, зөрүүг илрүүлсэн бөгөөд энэхүү зөрүүг бууруулах чиглэлээр аппликейшн хөгжүүлэгчдэд зөвлөмж боловсруулсан. |
en_US |