Хураангуй:
Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай холбоотой асуудлаар буюу барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдон үүссэн маргааныг арбитр эсхүл шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээс өмнөх шатанд маргаанаас зайлсхийх, шийдвэрлэх зөвлөл (маргаан таслах зөвлөл)-ийг байгуулж болохоор байна. Манай улсад захиргааны байгууллагын дэргэд үнэт цаас, татварын салбарт үүссэн маргааныг, харин төр, ТББ, холбоодын хамтарсан байгууллага (Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо)-ын дэргэд хөдөлмөрийн салбарын маргаантай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг тухайн салбарын хуулиар маргаан таслах зөвлөл тус тус байхаар зохицуулжээ.
Энэхүү дипломын ажилд шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар онолын ойлголтыг тодорхойлохын тулд Олон улсад маргааныг урьдчилан шийдвэрлэж тогтолцоо болон Монгол улсын хууль тогтоомж дахь маргаан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчинд дүгнэлт хийхдээ урьдчилан шийдвэрлэх ажиллагааны ойлголт, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэж буй нөхцөл байдал, эвлэрүүлэн зуучлагч, маргаан таслах зөвлөлийн гишүүний шалгуурын талаар одоогийн нөхцөл байдлыг судалсан. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний маргааныг онол, арга зүйн хувьд тодорхойлохын тулд барилгын ажил гүйцэтгэх гэрээний маргааны ойлголт, барилгын маргаан шийдвэрлэлтийн талаарх зохицуулалт, барилгын тухай хуулийн тойм, маргаан шийдвэрлэх зөвлөлийн тухай ойлголтын талаар дотоодын болон гадаадын эрх зүйн орчинд судалгаа хийсэн. Гадаад улсуудын барилгын ажил гүйцэтгэх гэрээний маргаан шийдвэрлэх зохицуулалтын талаарх харьцуулсан судалгааг ФИДИК-ийн жишиг гэрээний маргаан урьдчилан шийдвэрлэх зохицуулалт, хэрэглээ, ач холбогдол, МУ-ын хууль тогтоомж ба ФИДИК-ийн уялдаа холбоо талаас нь судалж дүгнэсэн. Мөн бусад орнуудад барилгын маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар судалж барилгын ажил гүйцэтгэх гэрээний маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг хичээсэн болно