Хураангуй:
Хуванцар хог хаягдал нь дэлхий даяарх байгаль орчны мэргэжилтнүүд болон
бодлого боловсруулагчдын аль алиных нь санаа зовоосон асуудал болоод байна.
Хуванцар хог хаягдал нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь хөрс, ус гэх мэт хүрээлэн
буй орчинд урьд өмнө хэзээ ч байгаагүй хохирол учруулж байгаагийн зэрэгцээ
хүлэмжийн хийн ялгаруулалтыг ихэсгэх замаар нүүрстөрөгчийг нэмэгдүүлдэг.
Хуванцрыг үйлдвэрлэхээс хаягдал болох хүртэлх бүх үе шат нь хүлэмжийн хийг
нэмэгдүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг.
Манай улс нь нэг хүнд ноогдох хуванцрын хог хаягдлаар дэлхийд эхний 10-т
ордог ба хуванцар хог хаягдлын ердөө 5%-ийг боловсруулдаг. Хуванцар хог хаягдлын
асуудал нь манай улсын хүрээлэн буй орчны шийдэх хэрэгтэй маш том асуудлуудын нэг
юм. Тиймээс энэхүү судалгааны ажил нь цаашид хийгдэх ижил төрлийн ажлуудад үр
дүнтэй стратегийн суурь болж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү дипломын ажил нь хурал цуглааны үеэрх нэг удаагийн хуванцар савтай
усны хэрэглээг бууруулах "Хуванцаргүй Хуралдъя" нийгмийн кампанит ажлын үр дүнг
хэмжихэд чиглэсэн юм. Үр дүнг хэмжихдээ зорилтод бүлгийн дунд байгаль орчинд
ээлтэй хэрэглээг бий болгоход гарч буй мэдлэг, хандлага, зан төлөвийн өөрчлөлтийг
хэмжих байдлаар судалгааны ажлыг хийсэн