Хураангуй:
Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирч, хөрөнгийн захын институциуд шинээр үүсгэн байгуулагдаж буй хэдий ч хөрөнгө оруулагчдын зан төлөвийн чиглэлийн судалгааны ажлууд дутагдалтай байгаа нь хөрөнгө оруулалтын зөвлөх компаниудад чанартай зөвлөгөө, тусламж үзүүлэх үйлчилгээнд доголдол үүсгэж байна. Иймд хөрөнгө оруулагчийн эрсдэлд хандах хандлагыг судалснаар хөрөнгө оруулагчид эрсдэлийн талаар ямар бодолтой байгаа, хэр их эрсдэл хүлээж чадах эсвэл авахыг хүсэж байгаа, ямар зорилготой байгаа зэргийг мэдэх юм.
Энэхүү судалгааны хүрээнд хөрөнгө оруулагчийн эрсдэлд хандах хандлагыг тодорхойлох зорилгоор 354 хүнээс Холт, Лаури (2002) нарын бинар сонголттой сугалааны асуулгаар хүлээгдэж ханамжийн онолын дагуу эрсдэлд хандах хандлагыг тооцож, нас, хүйс, орлого зэрэг хүний өвөрмөц шинж чанаруудаас хэрхэн хамаарч байгааг эмпирик аргаар буюу пробит болон интервал загвар ашиглан тогтоосон. Судалгаанаас оролцогчдын дийлэнх эрсдэлд дургүй буюу эрсдэлд саармаг ханддаг байв. эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад илүү эрсдэлд дургүй, нас ахих тусам эрсдэлээс татгалзах хандлага нэмэгддэг, гэрлэсэн хүмүүс эрсдэлд дургүй, боловсрол өндөртэй байх нь эрсдэлд дургүй байдлыг нэмэгдүүлдэг зэрэг үр дүн гарсан.