Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа Монгол Улсын ихэнх аймгууд нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүдээр төрөлжсөний улмаас бүс нутаг хоорондоо худалдаа бага хийдэг бөгөөд үүнээс Монгол Улсын бүсүүдийн нийт үйлдвэрлэл худалдааны уламжлалт онолууд (Харьцангуй давуу талын онол, Хекшир-олины онол) -ын үзэл баримтлалын дагуу өсөх ёстой хэдий ч бодит байдалд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин тогтмол бөгөөд хараахан сайн өсөлт үзүүлэхгүй байна. Харин Кругманы тодорхойлсноор эдийн засгийн өсөлтөд уламжлалт онолоос гадна өөр хүчин зүйл нөлөөлөөд байгаа буюу тэрхүү нөлөө нь шинэ газар зүйн эдийн засгийн дотоод зах зээлийн нөлөө байх тул энэ үзэгдэл бас Монгол Улсад байдгийг тодруулахаар таамаглал дэвшүүлэн, Дэвис болон Вайнштейн (1996) нарын боловсруулсан загварын дагуу панел өгөгдлийн арга зүйгээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд тоон шинжилгээний аргаар шинжлэхэд салбарын түвшинд дотоод зах зээлийн нөлөө байдаг нь тогтоогдсон бөгөөд нарийвчлан дамми хувьсагчийг аймаг бүрт үнэлэхэд Монгол Улсын ихэнх аймгууд хөдөө аж ахуйн салбараар төрөлжсөн бөгөөд мал аж ахуй зонхилсон бүс нутгаар тодруулвал төв, хангайн бүс нутгуудаар төрөлжилт илүү их эрчимтэй явагддагыг тодорхойллоо. Мөн аймаг бүр дотоодын хэрэгцээгээ хангалттай үйлдэрлэх чадвартай болохоор бүсүүдийн хооронд худалдаа бага хийгддэг тул гадаад зах зээлд бус өөрийн зах зээлдээ тохируулан үйлдвэрлэлээ хангадаг байна. Харин шинэ технологи нэвтрүүлж нөөц боломжоо илүү ихээр ашиглан гадаад улсруу нийлүүлэх зорилгоор төрөлжилтөө бүр ихэсгэн экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжснээр хөдөө аж ахуйн салбарын нийт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх боломжтой.