Хураангуй:
Төв ба Зүүн Европын орнуудын ХАА-н нийлүүлэлтийн сүлжээ шилжилтийн үйл явцаар задарч орон нутгийн фермерүүдийн түүхий эдийн болон бүтээгдэхүүний зах зээлтэй тогтоосон харилцаа тасарч, нөгөө талд боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээр гачигдаж зах зээлийн үр ашиггүй байдал үүсчээ. 1990-ээд оны эхэнд тэдгээр орны эрх баригчид зах зээлийн солилцоог дэмжих зорилгоор брокер, бирж зэрэг дэд бүтцийг төрөөс байгуулсан боловч ХАА-н нийлүүлэлтийн сүлжээ зах зээлийн механизмд тулгуурлаж бус, хувийн санаачилгатай босоо зохион байгуулалтын нэгдлээр сэргэж байна. Шинэ бүтцээр боловсруулах үйлдвэр ба фермерийн хоорондох харилцаа зөвхөн боловсруулах үйлдвэрт түүхий эд нийлүүлдэг нэг талын бус үйлдвэрлэгчээс бас фермерүүдэд гарц, чанарыг нь нэмэгдүүлэх зорилгоор бордоо, ажлын капиталаар хангах, урьдчилгаа төлбөр олгох, зээл олгох зэрэг нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээ (supplier support program) хэрэгжүүлж гэрээний өргөн хүрээтэй харилцаа үүсгэж байна. Уг институцийн инновац нь нэг талаар фермер нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлсэн боловсруулах үйлдвэрлэгчийг барьцаалах, нөгөө талаар үйлдвэрлэгч барьцаа хөрөнгийн гачигдалтай фермерт хөрөнгө оруулалт хийх бололцоо олгох (жишээ нь, банкны зээлийн баталгаа гаргах) замаар харилцан барьцаалж, гэрээний амлалтын итгэлтэй байдлыг төрүүлж, зах зээлийн үр ашиггүй байдал болон нийгмийн институцийн сул хөгжлийг гэтлэх бололцоо олгожээ. Үр дүнд нь боловсруулах үйлдвэрийн гарц, бүтээмж, түүхий эдийн чанар нэмэгдсэн бол фермерүүд орцоор хангагдах, хөрөнгө оруулалт хийх боломжтой болж дам гарц, бүтээмж, чанарын өсөлтөөр үр өгөөж хүртсэн юм. Мөн ХАА-н нийлүүлэлтийн сүлжээг сэргээх институцийн инновацийг гол төлөв гадаадын хөрөнгө оруулалттай, чанартай түүхий эдийн хэрэгцээтэй байгаа боловсруулах үйлдвэрлэгч санаачилж, тодорхой хугацааны хожимдолтой дотоодын бусад өрсөлдөгчид нэвтрүүлж, давхар үр ашиг хүртэж байна.