Хураангуй:
Дэлхийн банкуудын хөгжлийн тэргүүн чиглэлүүдийн нэгэн адил Монголын банкуудын голлох өрсөлдөөн цахим шилжилтийн хүрээнд явагдаж харилцагчийн туулах замыг хялбаршуулах, цахим төлбөр тооцоог нэмэгдүүлэх, дата аналитик тооцоолол ашиглах, арын үйл ажиллагааг автоматжуулах зэргээр цахим хөгжлийн трендийг дагаж байна. Монгол улсын банкны системд нийт 11 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Интернэт банкаар гүйлгээ хийх нь сүүлийн таван жилд 3-5 дахин нэмэгдсэн. Цар тахалтай холбоотойгоор арилжааны банкууд зайнаас бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид хүргэх шаардлага үүссэн ба энэ нь цахимжилтыг илүү хурдацтай явуулах хөшүүрэг болж байна. Интернэт банкийг хэрэглэх гол шалтгаан нь цаг хугацаа үйлдэл хялбарчилсан байдаг учраас хүмүүс сонгон ашигладаг. Интернэт банкны өргөн хэрэглээ нь хувь хүний санхүүгийн орчныг өөрчилж, хялбар, хүртээмжтэй, санхүүгээ хянаж удирдах боломжийг олгож байгаагийн зэрэгцээ түүнийг дагаад цахим аюулгүй байдлын заналхийлэл, санхүүгийн луйвар зэрэг шинэ эрсдэл, сорилтуудыг бий болгож байна. Мөн банкны дансандаа цахимаар нэвтэрч, гүйлгээгээ онлайнаар хийх боломжтой болсноор иргэд уламжлалт банкны үйчлчилгээг авснаас илүү цаг хугацаа хэмнэж, зардлыг бууруулах боломжтой. Хэдийгээр банкны үйл ажиллагаанд интернэт банкны үйлчилгээ аль хэдийн нэвтэрч, үйлчилгээний цар хүрээ улам бүр нэмэгдэж байгаа боловч хувь хүний санхүүд интернэт банкны үйлчилгээ нь хэрхэн яаж нөлөөлж байгааг судлаж, тодорхойлох шаардлагатай гэж дүгнэн энэхүү судалгааны ажлыг хийж эхлүүлсэн билээ.