Хураангуй:
Жендер буюу хүйсийн тэнцвэрт байдал нь нийгмийн хамгийн нарийн төвөгтэй асуудлуудын нэгд тооцогддог. Жендерийн тэгш байдлыг хангана гэдэг аль нэг хүйсэд давуу эрх олгож буй ойлголт биш бөгөөд зөвхөн ялгаатай байдлыг нэг шугамд, тэнцүү байлгах зорилготой хэрэгжиж буй нийгмийн үйл ажиллагааг илэрхийлдэг.
Иймд тус судалгаа нь бизнесийн орчин дахь эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдалд илүү эмзэг, өртөмтгий байх асуудлыг дэвшүүлж, түүнийг тэнцвэржүүлэн сайжруулах, тухайн бэрхшээлийг даван туулахад тохирох бодит үр дүнд тулгуурласан богино хугацааны сургалтын загварыг боловсруулах зорилготой. Бизнесийн байгууллагын үйл ажиллааг илүү тогтвортой байлгахад эмэгтэй бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх орон зай хэрэгтэй байна гэж дүгнэсэн. Тус судалгаа нь дээрх асуудалд тохирох үндсэн 3 онол дээр тулгуурласан бөгөөд үүнд: Жендерийн институцийн онол, Пат-гоулын онол, Нөөцөд суурилсан онол багтаж байна.
Жендерийн институцийн онолоос оксфамын бүтцийн онол үүсч, хөгжсөн гэж үздэг ба судлаач тухайн онол дээр тулгуурлан эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн тогтворгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх зорилготой нийт 36 асуулт боловсруулж, 381 түүврээс судалгаа авсан. Судлагдсан байдлын судалгаанаас хэсэгчилсэн хамгийн бага квадратын – бүтцийн тэгшитгэлийн загварчлал буюу (PLS-SEM) арга зүйг шинжилгээндээ ашиглах нь тохиромжтой гэж үзсэн.
Судалгааны үр дүнд нь бизнесийн байгууллагын тогтвортой байдалд /эмэгтэй бизнес эрхлэгчдийн жишээн дээр/ санхүүгийн хүчин 0.273 нэгжийн ач холбогдлын түшинг илэрхийлсэн бол санхүүгийн бус хүчин зүйл 0.800 нэгжийн ач холбогдлын түвшин 3 дахин илүү өндөр нөлөөгөөр илэрхийлэгдсэн байна. Үр дүнг дүгнэхэд тогтвортой үйл ажиллагаанд дан ганц санхүүжилт, хөрөнгө оруулалт бус бизнесийн мэдлэг, маркетингийн ур чадвар, танил тал, ЗГ-ийн гаргаж буй шийдвэрүүд гэх зэрэг санхүүгийн бус хүчин зүйлүүд давамгай нөлөө үзүүлдэг гэсэн үр дүн гарсан. Санхүүгийн бус хүчин зүйлийг дахин нарийвчлан үзэхэд MKT – 0.384, BN – 0.353, FS-0.188, GF-0.167 нэгжийн ач холбогдолтой гарч ирсэн байна.