Хураангуй:
Дэлхий нийтээр хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний чанар эрүүл, мэндэд тустай байдлыг чухалчлан үзэх болсон өнөө үед тэдний хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэгчид эрүүл хүнс үйлдвэрлэх, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгах нь чухал сэдэв болж байна. Тиймээс хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний талаар олон төрлийн судалгаа эрчимтэй хийгдэж байгаа боловч яг хүүхдийн хүнс худалдан авагчдын бүтээгдэхүүнд чиглэсэн судалгаа цөөн байгаа нь энэ чиглэлийн судалгаа хийх шаардлагатай байгааг харуулж байна. Судалгаанаас харахад хүүхдийн хүнс тэжээл энгийн хүнсний бүтээгдэхүүнийг бодвол чанарын асуудал ихээр хөндөгддөг учир илүү нарийвчилсан судалгааг шаарддаг.
Хүн амын өсөлттэй холбогдуулан хүнсний аюулгүй байдал, хүнс тэжээлийн чанарын асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Импортын бүтээгдэхүүн зах зээлийн ихэнх хувийг эзэлсэн нь энэ талын судалгаа шинжилгээ хийгдэх үндсэн нөхцөл болсон. Импортын бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт чанарын асуудал бүрхэг байгаагаас гадна генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн ихээр орж ирж байгаа зэрэг нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Олон улсын байгууллага болон төрийн зүгээс хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний талаарх судалгаа хийгддэг ч ихэвчлэн бүтээгдэхүүний орц найрлага, хүнсний агууламж талаас авч үзсэнээр хэрэглэгчийн байр суурийг орхигдуулдаг.
Хүүхдийн хүнс тэжээлийн хувьд төрөөс анхаарал хандуулдаг ч бизнесийн байгууллагын эрх ашгаас шалтгаалан эрүүл ахуйн хэм хэмжээ алдагдахад хүрснээр бага насны хүүхдийн өвчлөлт нэмэгдэх хандлагатай байна.
Уг судалгааны хувьд 0-2 насны хүүхдийн хүнс худалдан авагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тодорхойлж өгөх шаардлагатай байсан. Тиймээс эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжийг ямар төвшинд байгааг хэрэглэж буй бүтээгдэхүүний талаас судлахыг чухалчилсан. Хүүхдийн хүнс худалдан авагчид өөрсдийн туршлага дээр үндэслэн бүтээгдэхүүнээ сонгодог нь практик жишээнээс харагддаг.
Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд итгэлгүй байгаад нөлөөлж буй хүчин зүйлсийг олон талаас нь тодорхойлсноор хүүхдийн хүнс үйлдвэрлэгч, импортлогчдод хэрэглэгчийн сэтгэл ханамжийг мэдрэхэд дэмжлэг үзүүлэх болно.