Хураангуй:
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар банкны системд таван том банк нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй болохоор болсон нь манай улсын банкны салбарт томоохон өөрчлөлт орж байгаагаас гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд нөлөөлөхөөр гэж харж байна. Банкны салбар бол эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тогтвортой байдал нь эдийн засгийн өсөлт, хөгжилд чухал үүрэгтэй. Иймд банкны санхүүгийн үйл ажиллагааг зөв үнэлж чадах тохиромжтой үнэлгээний аргуудтай байх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банк байгаа бөгөөд үүнээс одоогийн байдлаар “Богд Банк”, “Төрийн банк”, “Голомт банк” гэх зэрэг банкнууд хөрөнгийн бирж дээр бүртгэгдээд байна. Үүнээс үүдэн банкнууд IPO гаргахад шаардлагатай банкны үнэлгээний арга зүйг судлан, ялгаа, онцлогийг харуулан “Голомт банк”-ны жишээн дээр банкны үнэлгээний тохиромжтой аргыг тодорхойлсон. Зорилгын хувьд банкны үнэлгээний арга зүй, түүний ялгаа онцлогийн судалсны үндсэн дээр банкны үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой үнэлгээний арга зүйг тодорхойлох ба Голомт банкны жишээн дээр судалгаа хийн зах зээл дээр хэрхэн үнэлэгдсэнийг тодорхойлон хөрөнгө оруулагчдад санал зөвлөмж боловсруулахад оршино. Ингэхдээ Голомт банк дээр өнөөгийн байдлын хувьд PESTLE шинжилгээ хийж гүйцэтгэсэн ба Портерийн 5 хүчийн шинжилгээ, CAMELS хандлага, Ду-Понт шинжилгээ, эрсдэлийн шинжилгээг хийж гүйцэтгэн банкны шинж чанарт тулгуйрлан чөлөөт мөнгөн урсгалын арга /FCFE/, Харьцангуй үнэлгээний аргаар хувийн жин өгөн үнэлсэн.