Хураангуй:
Монголын хэвлэл мэдээллийн салбар төдийгүй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд интернэтийн эзлэх хувь хэмжээ хүрээгээ тэлж байна. Тиймээс ч зах зээлийн эрэлтийг даган хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн цогц үйлчилгээг хүргэх портал вэбсайтууд олшроод байгаа юм. Хэдийгээр бид цаг үеийн мэдээллээс хоцролгүй мэдээлэл авахуйц хэмжээнд портал вэбсайтыг ашиглаж байгаа ч энэ нь олон улсын жишигтэй харьцуулахад ямар түвшинд явж байгаа вэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Тиймээс ч судалганы ажлынхаа хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа портал вэбсайтуудын үйлчилгээний чанарыг үнэлж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдалд үзүүлэх нөлөөллийг тодорхойлохыг зорьсон. Учир нь энэ нь эргээд дотоодын портал вэбсайтуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, олон улсын стандарт нийцүүлэхэд шаардлагатай санал зөвлөмжийг боловсруулахад тус дөхөм болно гэж найдаж байна.
Юуны түрүүнд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа портал вэбсайтуудын үйлчилгээний чанарыг хэмжихийн тулд Parasuraman, Zeithaml, болон Malhotra нарын санал болгосон 7 хэмжигдэхүүн бүхий E-S-QUAL загварыг ашигласан болно.
Онолын судалгааны хүрээнд интернэт үйлчилгээний чанар, портал вэбсайтуудын үүсэл хөгжил болон E-S-QUAL загварын олон улсад судлагдсан байдлыг судалсан. Дараагаар нь портал вэбсайтуудыг үнэлэхийн тулд үйлчилгээний чанарыг хэмжих 4 хэмжигдэхүүнүүдийг (мэдээллийн чанар, вэбсайтын дизайн, үр бүтээмжит байдал, найдвартай байдал) сонгон авч санал асуулга боловсруулсан.Судалгаанд нийт 413 оролцогчийг хамруулсаны үндсэн дээр сонгон авсан хүчин зүйлс нь портал вэбсайтуудын үйлчилгээний чанарт нөлөөлдөг төдийгүй цаашид олон улсын жишигт нийцүүлэхийн тулд сайжруулах шаардлагатай байгаа нь харагдлаа.