Хураангуй:
Тогтвортой хөгжлийн 17 зорилго 169 зорилт нь 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаарх дэлхийн улс орнуудын удирдагчдын үүрэг амлалтыг бататгасан бүх нийтийн зорилго юм. Манай улсын хувьд тогтвортой хөгжлийн зорилгуудыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхдагч улсуудын нэг бөгөөд дэлхий нийтийн энэхүү зорилгуудад үндэслэн улс орноо хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон “Алсын хараа 2050” стратегийн бодлогын баримт бичгийг баталсан билээ.
Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн хөдөлгөөн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувь хүмүүс гээд нийгмийн бүхий л хэсгийг оролцоо нэн чухал юм.
Дээрх зорилгын хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилго 2030, “Алсын хараа 2050” хэрэгжилтийн хангахад боловсролын байгууллага, их сургууль ямар үүрэг оролцоотой оролцож болох, ямар үнэ цэнэ бүтээж чадах, их сургуулиуд тогтвортой хөгжлийн чиглэлээр хийсэн ажлаа дэлхийн их сургуулиудын эрэмбэд хэрхэн үнэлүүлж болох зэрэг тогтвортой хөгжилд их сургуулиудын оруулах хувь нэмэр, СЭЗИС-ийн тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хийж буй ажил, СЭЗИС-ийн тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд цаашид хийх боломжтой ажлуудыг тодорхойлох, богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжих хөтөлбөрийг боловсруулахыг зорьсон юм.
Хөтөлбөр болон ажлын жагсаалтыг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгод их сургуулиудын гүйцэтгэх үүрэг, гадаад, дотоодын сургуулиудын хийж буй ажил, СЭЗИС-ийн тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хийсэн ажилд хийсэн свот шинжилгээ, кейс харьцуулсан судалгаа, чанарын судалгааны аргыг ашиглан боловсруулсан болно.