Хураангуй:
Байгууллагын соёл нь байгууллагын зан төлөвийг тодорхойлдог нийтлэг үнэт
зүйл, итгэл үнэмшил, дадал зуршлыг илэрхийлдэг, байгууллагын бүтээмжийг тогтоон
баригч суурь багана юм. Харин yейро соёл нь эдгээр соёлын нөлөөнд тархи, мэдрэлийн систем нь хэрхэн хариу үйлдэл үзүүлж, энэ нь ажилтануудын зан байдал сэтгэл хөдлөл, урам зориг, гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг болохыг илэрхийлнэ.
Тэрхүү үйл явцыг илүү нарийн гүнзгий судлах, тэдгээрийн хоорондын харилцан
хамаарлыг гаргаж байгууллагын соёлыг хэрхэн тэнцвэртэй болгон тухайн бизнесийг
дээшлүүлэх, ажилчдын сайн сайхан байдал, байгууллагын амжилт, хувь хүний өсөлт
хөгжилтийг дэмжсэн эерэг таатай ажлын орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг
байгууллагын нейро соёлыг хэмжсэнээр нарийвчлан гаргаж ирнэ гэж үзсэн болно.
Энэхүү судалгааны зорилго нь байгууллагын нейро соёл гэх шинэ ойлголтыг
байгууллагуудад хэрхэн оновчтой хэмжих аргазүйн талаар онолын судалгаа хийж
боловсруулахад оршив.
Онолын хувьд холбогдох эх сурвалжуудаас хайлт хийж агуулгын хувьд давхардахгүй
байхаар ангилж “Нэгтгэсэн байгууллагын нейро соёлыг хэмжих загвар, ба аргазүй”-г
боловсруулсан. Ингэхдээ нейро соёлыг хэмжихийн тулд түлхүү ярилцлагын аргаар
нээлттэй асуултын жишээг хавсаргаж чанарын эвристик судалгааны загвар болон
Шварцын үнэлгээний системээр соёлын шинжилгээний үр дүнг хэрхэн үнэлэх талаар
орууллаа.
Тархи судлалын шинжлэх ухааны ололтуудыг ашиглан ажилтнуудын зан төлөвийг хувь хүний болон бүлэг, дэд бүлгийн хэмжээнд тодорхойлох, нөлөөлөх, өөрчлөх арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн боломжтой ба үүний тулд цаашид тодорхой цаг хугацаанд байгууллагын/бүлгийн хэмжээнд давамгай байдлаар илэрч байгаа хариу үйлдэл үзүүлэх байдлын хэв шинж, өөрийн талаар, мөн гадаад ертөнц, бусдын талаар үүсгэсэн нийтлэг хэвшмэл ойлголтууд болон сэтгэл хөдлөлийн төрөл, динамик шинж чанарыг тодорхойлох, хэмжих, үнэлэх, дүгнэх арга аргачлалын цаашид илүү нарийвчлан судлах, нэвтрүүлэх шаардлагатай. Үүний үр дүнд зөвхөн байгууллагын соёлын өөрчлөлтийн хэрэгцээ шаардлага, ажиллах ёстой талбаруудыг илүү нарийвчлалтай, үнэн зөв тодорхойлохоос гадна өөрчлөлтийн үр дүнг тогтвортой хадгалах, байгууллагын бодлого, үйл ажиллагаатай илүү уялдуулан тасралтгүй өөрчлөлт сайжруулалт хийх боломж бүрдэнэ.