dc.description.abstract |
Барилгын салбар сүүлийн жилүүдэд Монгол улсын тэргүүлэх салбарын нэг болон эрчимтэй хөгжиж байна. Барилгын салбар 2013 онд 1845,9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснийг өнгөрсөн буюу 2012 оныхтой (1034,1 тэрбум) харьцуулахад 78,5 хувиар өссөн, 2010 (463,0 тэрбум) оныхтой харьцуулахад даруй 298,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна (Статистикийн эмхэтгэл 2013).
Ийнхүү хөгжиж байгаа нь сайшаалтай боловч хууль дүрэм журмаа мөрддөггүй, чанарын стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй, хэт ашиг хөөцөлдөж хэрэглэгчдийг хохироодог, авлига хээл хахуульд автаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг зэргээр өөрсдийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж нийгмийн ёс зүйтэй, эрх тэгш, хариуцлагатай байдлыг хангах явдлыг орхигдуулаад байна.
Иймд цаашид барилгын салбарынханд олон улсын туршлагыг нэвтрүүлж, чанарын стандарт, шинэ дэвшилтэт техник, технологийг нутагшуулах замаар хариуцлагатай, ёс зүйтэй байхыг эрхэмлэж, хууль дүрмээ чандлан мөрдөж, улс орны, олон нийт иргэдийн, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэх асуудал тулгараад байна.
Олон улсын туршлагаас харахад барилгын салбарт КНХ-ыг хэрэгжүүлэх нь мөн чухал асуудал болоод байгаа бөгөөд харьцангуй сайн үзүүлэлттэй, зөв арга замаар хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ төрөөс бодлоготойгоор зохицуулалт хийж барилгын салбарт КНХ-ыг нэвтрүүлсэн туршлага цөөнгүй байна.
Энэхүү судалгааны ажлаар барилга угсралтын компаниудын КНХ-ын өнөөгийн байдлыг тодорхойлохын тулд барилга угсралтын 50 компаниас судалгаа авсан ба судалгаагаар КНХ-ыг цөөн тооны хэдхэн компани хэрэгжүүлж эхэлж байгаа буюу ихэнхи компаниуд КНХ-ыг хэрэгжүүлэхгүй байгаа нь харагдаж байна.
Иймд барилга угсралтын компаниуд КНХ-ыг сайжруулснаар компаний имиж болон гүйцэтгэлд эерэг болон шууд нөлөөтэй, компани нь урт хугацаандаа тогтвортой ажиллахад томоохон хувь нэмэр оруулдагийг баталж, мөн олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлагаас судалж санал зөвлөмж боловсруулсан. |
en_US |