Хураангуй:
Монгол Улс төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх хуульчлан зохицуулснаас хойш 20 жил өнгөрсөн ч төрийн худалдан авах ажиллагааны эрх зүй нь эдийн засгийн эрх зүйн хүрээнд харьцангуй шинэ тутам хөгжиж байгаа салбар эрх зүйн нэг юм.
Эрх зүйн хэм хэмжээ нь нийгэм, эдийн засгийн хөгжилтэй зэрэгцэн боловсронгуй болох шаардлагатай хэдий ч тогтвортой байх шинжийг тодорхой түвшинд агуулах учиртай. Мөн олон удаа нэмэлт, өөрчлөлт орох нь хуулийн системчлэл, логик уялдаа холбоо алдагдах нөхцөлийг бий болгох талтай. Түүнчлэн тухайн харилцааг бүхэлд нь зохицуулж байгаа хуулийг хууль хэрэгжүүлэгчид нэг мөр ойлгож практикт хэрэглэх, хуулийн зохицуулалт тухайн харилцааг зохицуулах зорилго, зарчимд нийцэж байгаа тохиолдолд зохицуулалтын зорилгод нийцсэн гэж дүгнэдэг. Иймээс хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал нь эрх зүйн суурь зарчим, үзэл санаа, зохицуулалтын зорилгодоо нийцсэн эсэх хүрээнд хийсэн дүн шинжилгээ хийж, хуульд шинэтгэл хийх зүй ёсны шаардлага үүссэн байгаа нь сэдвийн тулгамдсан асуудал юм.