Хураангуй:
Өнөөгийн Монгол улсын нийгэмд хамгийн тулгамдаад байгаа асуудал бол инфляцын өсөлт юм. Уг асуудлыг шийдэхийн тулд инфляцад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, оновчтой бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах нь чухал. Ерөнхийд нь авч үзвэл инфляцад нийт эрэлт болон нийт нийлүүлэлт гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд уг хүчин зүйлсэд шок өгснөөр инфляцад үзүүлэх хариу үйлдэл болон арилах хугацааг тооцоолох боломжтой. Тиймээс судалгааны гол зорилго бол бүтэцтэй вектор авторегрессив загварыг ашиглан нийт эрэлт болон нийт нийлүүлэлтийн шокийн инфляцад үзүүлэх нөлөөг судалж, түүний арилах хугацааг тооцох бөгөөд ингэснээр инфляцын өсөлтийн шалтгааныг онолын үүднээс тодорхойлж, санал зөвлөмж боловсруулах ач холбогдолтой хэмээн үзэж байна. Бүтэцтэй авторегрессив загварыг сонгон шинжилгээгээ хийхдээ 2006 оноос 2022 он хүртэлх улирлын давтамжтай, 63 ажиглалттай нийт таван эндоген хувьсагчийг сонгон авсан. Тухайлбал, бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, төсвийн зардлын хувьсагч, нэрлэсэн хүүгийн түвшин болон инфляцын түвшин. Энэхүү таван хувьсагчийн импульс хариу үйлдлийн шинжилгээнд үндэслэн дараах хоёр үр дүнг гарган авлаа. Эхний үр дүн нь “Монгол улсын хувьд нийт эрэлтийн шокийн инфляцад үзүүлэх нөлөөлөл нь нийт нийлүүлэлтийн шокийн инфляцад үзүүлэх нөлөөллөөс өндөр байна”, дараагийн үр дүн нь “Монгол улсын хувьд инфляц богино хугацаандаа өссөөр байх төлөвтэй байна” гэсэн дүгнэлтүүдэд хүрсэн. Тиймээс инфляцыг бууруулахын тулд шинэ кейнсийн онолын дагуу эрэлтээс үүдсэн инфляцыг сангийн болон мөнгөний бодлогоор бууруулах нь хамгийн оновчтой юм.