dc.description.abstract |
Монгол улсад 2019 оны байдлаар хөрөнгийн зах зээлийн оролцогчдод хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх үйлчилгээний 15, хөрөнгө оруулалтын менежментийн 20, татварын мэргэшсэн зөвлөх 39, харилцагчийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалт, бусад үйлчилгээ үзүүлэх нийт 79 хуулийн этгээд энэ салбарт тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд ихэвчлэн хуулийн этгээдээс хуулийн этгээдэд чиглэсэн, татварын мэргэшсэн зөвлөхөөс бусад банк, банк бус санхүүгийн байгууллага болон брокер, дилерийн компаниудын дагалдах үйл ажиллагаа байдлаар явагдаж байна. Манай улсын хувьд технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч уг технологийн дэвшлийн хөрөнгийн удирдлага дахь хэрэглээ нь манай улсын хувьд маш бага түвшинд байгаа юм.
Олон улсад энэхүү үйлчилгээ нь зөвлөх хүн, робо-зөвлөх, дижитал зөвлөх гэсэн гурван үндсэн хэлбэрээр хөгжиж байна. Робо-зөвлөх нь програмчлал, алгоритмаар тухайн хүний санхүүгийн байдал, ирээдүйн зорилтод тулгуурласан тооцоолол хийж санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын багц санал болгодог бөгөөд вэб сайт, ухаалаг утасны аппликэйшн хэлбэрээр хэрэглэгчдэд хүрдэг байна. Одоогоор дэлхий дахинд 100 гаруй робо-зөвлөхийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд байдаг бөгөөд хөрөнгийн удирдлагын үйлчилгээг олон харилцагчдад хүргэж чаддаг хөрөнгө оруулалтын шинэ нээлт болсон гэж үздэг. Иймд манай улсын хувьд робо-зөвлөхийн үйлчилгээг санхүүгийн салбарт тэр тусмаа үнэт цаасны компаниуд технологийн шийдлээр үр ашгаа нэмэгдүүлэх болон илүү олон хувь хөрөнгө оруулагч нарт хүрэх зэрэг боломжийг судлах шаардлага тулгараад байгаа билээ.
Энэхүү судалгааны ажлаараа Монгол улсын нөхцөлд тохирсон хувь хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд нь туслах, зөвлөх, цагийг хэмнэх робо-зөвлөхийн үйлчилгээг үнэт цаасны компаниуд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судласан билээ. |
en_US |