dc.description.abstract |
Value based management буюу үнэ цэнэд суурилсан менежмент нь харьцангуй сүүлийн үеийн, шинэлэг менежментийн арга барилд тооцогддог. Үнэ цэнэд суурилсан менежментийг цэвэр үнэ цэнийн бүтээлийг хэмжиж, урамшуулж, дэмждэг нэгдсэн менежментийн хяналтын систем хэмээн тодорхойлж болно. Үнэ цэнэд суурилсан менежментийн үндэс нь эрхэм зорилгыг тодорхойлох, дараа нь хувь хүн болон байгууллагын төлөвлөгөөг боловсруулах, мөн зайлшгүй гарах асуудлуудыг шийдвэрлэх боломжийг менежрүүдэд бий болгох замаар хувь хүнийг хөгжүүлэх үндэс юм. Үнэ цэнэд суурилсан менежмент хувь хүний гүйцэтгэлийг сайжруулж, эдийн засгийн амжилт уруу жолоодогч бөгөөд хувь хүний өсөлт, амжилтанд нөлөөлөх хурдан өсөж хөгжих, зохион байгуулалтыг бий болгох хамгийн эхний чухал алхам болж байна.
Судалгааны обьектоор сүүлийн үед нилээд эрчимтэй хөгжиж буй барилгын материалын жижиглэн худалдааны салбарыг сонгосон бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс байна.Судалгаанд оролцогчидтой хийсэн ярилцлага ба асуулга судалгаанаас харахад менежментийн үйл ажиллагаа хангалттай сайн биш дунд түвшинд хөгжиж байгаа ба бизнес эрхлэгчдийн дийлэнх нь менежментийн арга барилаа сайжруулж, шинэчлэх, суралцах хүсэлтэй байгаа нь харагдаж байсан. Үнэ цэнэд суурилсан менежментийн 1986 онд боловсруулсан A.RAPPAPORT-н үндсэн загварт тулгуурлан, Anne Ameels-н 2002 онд боловсруулсан үнэ цэнэд суурилсан менежментийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж, манай улсын жижиглэн худалдааны салбарын онцлогт тохирсон үнэ цэнэд суурилсан менежментийн загварыг санал болгосон. Нийт судалгаанд оролцогчдын 75% нь эдгээр шалгуур үзүүлэлтүүдэд тохирсон менежментийн арга барилыг ашиглах нь зөв гэж үзсэн бөгөөд их бага хэмжээгээр хэрэгжүүлдэг болох нь харагдаж байсан. Иймд энэхүү санал болгож буй үнэ цэнэд суурилсан менежментийн загварыг үндэслэлтэй, ашиглаж болохуйц загвар юм гэж дүгнэж байна. |
en_US |