dc.description.abstract |
Бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрт суралцагчдын хувьд ёс суртахууны философийн шинжлэх ухааны суурь зарчмуудад суралцах, ажлын орчинд тулгардаг ёс суртахууны асуудлуудыг оновчтой шийдвэрлэх ур чадвар нь онцгой ач холбогдолтой юм. Иймээс уг судалгааны ажлын хүрээнд СЭЗИС-ийн мастерын хөтөлбөрт суралцагчдын ёс суртахууны мэдрэг байдлыг үнэлэх зорилго тавьж ажилласан болно.
Ёс суртахууны мэдрэг байдлыг үнэлэх болон ёс суртахуунлаг шийдвэр гаргалтын сайжруулах зорилгоор ашигладаг Бакер болон Комер нарын санал болгосон иж бүрэн дасгалын аргачлалыг сонгон авч СЭЗИС-ийн мастерын хөтөлбөрийн удирдах ажлын туршлагатай болон туршлага багатай 32 оролцогчийг хамруулж ажиглалтын болон ярилцлагын аргаар үнэлгээг хийлээ. Үнэлгээнд ажлын орчинд тулгарч буй ёс суртахууны асуудлыг таних, олж харах, ангилах, онолын тайлбар өгөх, учир шалтгааныг тодорхойлох, эргэцүүлж дүгнэлт гаргах зэрэг үзүүлэлтүүдийг агуулсан болно.
Оролцогчдын ёс суртахууны мэдрэг байдал нь 20,2 буюу аргачлалын хувьд дундаж түвшинд хэмжигдсэн болно. Үүнээс 34% нь ёс суртахууны мэдрэг байдал муу болон дунджаас доогуур түвшинд, 13% нь дундаж түвшинд, 54% нь дунджаас дээгүүр болон жишиг болох түвшинд байна.
Ёс суртахууны мэдрэг байдлын нэгдсэн үнэлгээг гаргасны дараа бүлгийн хэлэлцүүлгийг “удирдах ажлын туршлагатай” болон “туршлага багтаа бүлгүүд” дээр хийж ёс суртахууны асуудалд мэдрэг хандах, төсөөлөл сайжруулах, ёс суртахуунлаг шийдвэр гаргах суурь ур чадварыг хөгжүүлэхэд уг дасгалыг хийж гүйцэтгэх нь ач холбогдолтой болохыг дүгнэсэн болно.
Судалгааны үр дүнд тулгуурлан тайланг боловсруулж, нэгтгэн дүгнэснээс гадна ахисан түвшний сургалтын агуулга, арга зүйг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж боловсрууллаа. |
en_US |