Хураангуй:
Хүүхэд төрснөөс хойш эхний нэг цагийн дотор эхийн сүүгээр хооллож, амьдралын эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр хооллож зургаан сартайгаас эхлэн аюулгүй, тэжээллэг нэмэлт хоол хүнсийг зохистой хэмжээгээр таниулан нэвтрүүлэх нь зүйтэй гэж үздэг. Мөн хүүхдэд нэг нас хүртэл Д витаминаас өөр нэмэлт витамин, хүнсний нэмэлт тэжээлийг өгөгхийг зөвлөдөггүй бөгөөд хүүхэд өөрийн идэж буй хоол хүнснээс шаардлагатай шим тэжээлэээ авах нь зөв гэж үздэг. Иймд олон төрлийн шим тэжээлийг хүүхэд чанартай, эрүүл хоол хүнс тэр дундаа хүнсний ногоо, мах, үр тариа зэргээс авах шаардлагатай тулгардаг. Эхийн хөхний сүү нь байгалиасаа чихэрлэг төрлийн амттай байдаг тул хүүхэд төрөлхийн гашуун амт тэр дундаа ногоон төрлийн хүнсний ногооны гашуун амтанд дургүй байдаг гэж хэлж болно. Бага насандаа хүнсний ногоо иддэггүй байсан хүүхэд насанд туршдаа ногоо идэхгүй байх дадал зуршил тогтох магадлалтай нэмэгддэг ба улмаар зохисгүй, тэнцвэргүй хооллох, илүүдэл жин, таргалалттай болох гэх мэт асуудлууд үүсэх эрсдэлтэй байдаг. Гэвч хүүхдийн нэмэгдэл хоолыг зөв танилцуулах, хүнсний ногоог зохистой хэмжээгээр өгөх нь эерэг үр дүнг авчирдагийг олон улсын судалгаануудаас харж болно.
Энэхүү төсөл нь хүүхдийн нэмэгдэл хоол хүнсийг хийх үйл ажиллагааг хөнгөвчлөх, хүүхдийн хоололтын дадал зуршилд эерэг нөлөө үзүүлэхүйц олон төрлийн хүнсний ногооны шим тэжээлийг агуулсан хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж гарцыг судалсан.