Хураангуй:
Уг судалгааны ажил нь ковид-19 цар тахлын ноолууран бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч компаниудад үзүүлж буй нөлөөллийг нарийвчлан тодорхойлж, цар
тахлаас олж авсан сургамж сайн туршлагыг илрүүлэхэд оршино. Ингэж судалснаар энэ
чиглэлээр бизнес эрхэлдэг компаниуд болоод, хувь хүн, цаашлаад улсын хэмжээнд уг
салбарын салбарын удирдах ажилтнуудад ийм төрлийн гамшиг нүүрлэхэд, цаашид
эрсдэлээ зөв удирдахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж уг сэдвийг сонгон судалсан.
Судалгааны ажлын зорилтуудын хувьд онолын судалгаа буюу цар тахал анх гарснаар
бизнесүүдэд ямар цохилт үүсгэсэн талаарх судлагдсан байдлын судалгаа, салбарын
судалгаа буюу судалгааны гол салбар болох ноолуурын салбарын коронавирусын үеийн
нөхцөл байдал болоод өнөөгийн байдлын талаарх судалгаа, кэйс судалгаа буюу сонгосон
салбарын судалгааны түүврийг сонгон авч тодруулах судалгааг гүйцэтгэж дүн
шинжилгээ хийн түүн дээр үндэслэн компаниудад болон судлаач нарт зориулсан санал
зөвлөмж бичсэн явдал юм.
Судалгааны ажил нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлуудын баримтууд дээр
тулгуурлаж, учир шалтгааныг тодорхойлох зорилготой учраас бүхэлдээ судалгааны
чанарын аргаар хийгдсэн бол гол тодруулах судалгааг кэйс судалгааны арга зүйг
ашиглан гүйцэтгэсэн. Судалгааны чанарын аргын онцлог нь баримт дээр тулгуурладаг
гүйцэтгэх явцад мэдээ, мэдээлэл эх сурвалжийн хувь баталгаатай, найдвартай үнэн байх
нь маш чухал байсан бөгөөд чанарын аргазүйн хувьд маш олон судалгааны аргын хэв
шинжүүдийг агуулсан өргөн хүрээтэй судалгааны аргазүй гэдгээрээ онцлогтой юм.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд (гамшиг) болон хүний оролцоотой нөхцөл байдал
(дайн) зэрэг шокуудаас шалтгаалж бизнесийн хэвийн үйл ажиллагаа тасалдах болон
хямрах тохиолдол гарч байдаг. Уг асуудлыг бизнесийн шинжлэх ухааны ‘бизнесийн
үргэлжлэхүй’ буюу Business Continuity салбар судалдаг (Dalton, 2006). Харин бизнес
төлөвлөлт хийхэд буюу стратеги, маркетинг, бизнесийн процесс, орчны шинжилгээ
зэргийг хийхэд MOST (mission, objectives, strategies, tactics), PESTLE (policitical,
economic, sociological, technological, legal, environmental), SIPOC (suppliers, inputs,
process, outputs, customers) зэрэг маш олон загваруудыг хөгжүүлсэн байдаг.
Компаниудын хувьд коронавирус бүх салбар нэгжид нь тодорхой хэмжээгээр
ялгаатай байдлаар нөлөөлсөн дүгнэлтэд хүрсэн. Цар тахал нь ноолууран бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч компаниудын борлуулалтын орлогот хамгийн их нөлөөлсөн бөгөөд түүний
дараа ажиллах хүчин буюу хүний нөөцийн хэсэгт нөлөөлсөн явдал байсан юм. Зөвхөн
ноолуурын салбар гэлгүй бүх бизнесийн хувьд эзлэх хувь хэмжээгээрээ хамгийн чухал
хэсэг бол ашиг орлого болоод ажиллах хүчин байдаг билээ. Тэгвэл цаашид ийм төрлийн
эрсдэлтэй тулгарахад хамгийн түрүүнд эрсдэлээ зөв удирдаж, онцгой нөхцөлд байдалд
ажиллах бизнес загвар болон стратеги боловсруулж ажиллах нь онцгой чухал болохыг
зөвлөмөөр байна.