Хураангуй:
Монгол Улс сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд нийгмийн болон бусад олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг бие даан эсвэл олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн боловч тухайн төслүүд амжилттайгаар хэрэгжсэн эсэх, үр дүнд хүрсэн эсэхийг тодорхойлсон нарийвчилсан үнэлгээ, судалгаа одоогоор хомс байна. Монгол улсад 2013 онд “PMI-PMBOK”, “MNS ISO 21500:2013 Төслийн удирдлагын аргазүйн заавар” гэсэн стандартууд нэвтэрч холбогдох байгууллагууд төсөл хэрэгжүүлэгчдийн боловсрол, төслийн удирдлагын мэдлэг, чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаа эрчимтэй зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд мэргэжлийн төслийн менежерүүд олноор төрөн гарч онол арга зүй, стандартын дагуу төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах болсон. Энэ нь төслүүдийн амжилтад эерэг нөлөө үзүүлсэн нь гарцаагүй юм. Гэхдээ Монгол Улсын хувьд төслийн менежментийн алдаанаас шалтгаалсан алдагдал 25% байгаа нь дэлхийн дундажтай харьцуулахад дариу 2.5 дахин өндөр байгаа юм. Нөгөөтээгүүр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд дээр гүйцэтгэл, үйл ажиллагаанд илүүтэйгээр анхаарлаа хандуулснаар төслийн хяналт үнэлгээ дутуу орхигдож төслийн үр дүнг бүдгэрүүлэх, алдаатай тайлагнах тохиолдлууд их байна. Тийм учраас энэхүү асуудлын хүрээнд төсөл хөтөлбөрүүдэд жишиг болохуйц үнэлгээг Үлгэр, домог, өв соёл жишиг төслийн гүйцэтгэл дээр хийж үндсэн төсөлд санал зөвлөмж хүргүүлэх нь энэхүү төсөлт ажлын гол үндэслэл болсон.
Энэхүү төсөлт ажлын хүрээнд Төслийн менежментийн орчин үеийн чиг хандлагуудыг судлан, дотоодод хийгдсэн төслийн үнэлгээний аргачлалуудыг судалсны үр дүнд PMBOK 7 гарын авлагад тулгуурласан төслийн үнэлгээний загвар боловсруулж төслийн гүйцэтгэлд үнэлгээ хийж, зөвлөмж боловсрууллаа.
“Үлгэр домог, өв соёл” төсөл нь 14 тусдаа хөтөлбөрөөс бүрдэх бөгөөд нийт 9,000 гаруй оролцогч талуудын уялдаа холбоог хангасны үндсэн дээр хүүхэд залуучуудын суралцах үйл явцад уламжлалт арга зүйг сэргээн нэвтрүүлэх, өв соёлыг уламжлуулан хадгалах, ёс суртахууны ойлголтыг төлөвшүүлэх зорилго бүхий олон талт нийгмийн төсөл юм. Жижиг хөтөлбөрүүдийн үр дүн нэгтгэгдэж үндсэн төслийн үр дүн тодорхойлогдох тул төслийн багийн хувьд хөтөлбөр тус бүрд өөрсдийн боловсруулсан загварын дагуу үнэлгээ хийж үр дүнг тодорхойлсон болно. Энэ хүрээнд нийт 11 удаагийн зорилтот бүлгийн ярилцлага, 280 гаруй оролцогчоос асуулгын судалгаа, төслийн санхүүгийн гүйцэтгэлийн шинжилгээ, ажиглалт хийсэн.
Энэхүү төсөлт ажлын үр дүнд “Үлгэр, домог, өв соёл” жишиг төсөл нь баримт бичиг нь уламжлалт аргачлалаар боловсруулагдаж, бүрдэл хэсэгтээ алдаатай, орхигдуулсан зүйлс их байсан хэдий ч богино хугацаанд уян хатан, оновчтой шийдвэрүүдийг цаг тухайд нь гарган ажилласны үр дүнд зорилгодоо хүрсэн, цаашид орон даяар хэрэгжих эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь оролцогч талуудын судалгаанаас илэрхий байна.
Төсөлт ажлын төгсгөлд “Үлгэр, домог, өв соёл” төслийг хэрэгжүүлэгч төслийн баг болон цаашид улс орон даяар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд санал зөвлөмж гаргасан болно.