Хураангуй:
2012 оноос эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2 улирал болон түүнээс дээш хугацаагаар буурснаар эдийн засгийн хямрал Монгол улсад нүүрлээд байна(МУҮСС, 2015). Энэхүү эдийн засгийн хямрал нь Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг дотоодын эдийн засгийн бүтэцтэй уялдуулалгүй их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь зээлийн хэмжээг өсгөж, төгрөгийн ханшийг сулруулж, эцэстээ банк санхүүгийн системийг хамарсан хямрал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна (МАН, 2014).Эдийн засгийн хямрал нүүрлэхэд байгууллагууд хөрөнгө оруулалтыг зогсоож бууруулах, ажилчдын тоог цөөрүүлэх, үнийг бууруулах болон маркетингийн зардлыг бууруулах гэх мэт нийтлэг стратегиудыг баримталдаг (Нандин-Эрдэнэ Б. , 2014). Тиймээс эдийн засгийн хямралд хамгийн өртөмтгий хэлтэс нь маркетингийн хэлтэс юм.
Эдийн засгийн хямрал хүчтэй нөлөөлөл үзүүлдэг салбаруудын нэг нь телевизийн салбар байдаг. Учир нь Монгол улсын телевизүүдийн байгууллагуудын хувьд нийт орлогынхоо 90-ээс дээш хувийг зар сурталчилгааны орлогоос олдог байна. Гэтэл хямралын үед байгууллагууд маркетингийн зардлаа танаснаар зар сурталчилгаанд зарцуулах зардал ч бас буурдаг. Тиймээс телевизийн салбарын орлого буурч томоохон бэрхшээлтэй тулгардаг. Энэхүү судалгааны ажил нь эдийн засгийн хямрал телевизийн салбарт хэрхэн нөлөөлж, ямар асуудлууд бий болж буйг судлахад оршино.