Хураангуй:
Аливаа бизнесийн байгууллагын туйлын зорилго нь ашгийн
хэмжээг хамгийн их төвшинд байлгах бөгөөд нөгөө талаас тогтвортой байдлыг хангах
буюу өнөөдрийн хэрэгцээг хангахын тулд ирээдүйн нөөцийг ашиглахгүй байх явдал юм.
Орчин үед санхүүгийн салбарт энэхүү зорилгуудыг хангах томоохон боломжуудыг бий
болгосон шинэ салбар үүсээд буй нь финтек юм. Финтек нь дижитал хэлбэрээр үйл
ажиллагаагаа явуулснаар нэг талаас ногоон санхүүжилт, ногоон эдийн засагт хувь нэмрээ
оруулж буй бол нөгөө талаас санхүүгийн байгууллагын үр ашигт байдлыг нэмэгдүүлэх,
зардал, цаг хугацааг хэмнэх боломжийг олгож байна.
Уг салбар нь анх 1866 онд санхүүгийн технологийн дэд бүтцийг бий болгох үндсэн
зорилготойгоор үүссэн. Монгол улсын хувьд 2014 онд банк хоорондын гүйлгээнд финтек
ашиглаж эхэлсэн ба “ЛэндМН” ББСБ финтек үйлчилгээг ашиглан шуурхай бичил зээл
олгож эхэлснээс хойш ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүн гаргадаг ББСБ-уудын тоо
нэмэгдсэн (Э.Анар, 2019). Олон улсад финтект суурилсан зээлийн үйлчилгээний талаарх
олон судалгаа шинжилгээ хийгддэг ба монгол улсын хэмжээнд финтект суурилсан
зээлийн бүтээгдэхүүний талаар “Финтек-т суурилсан зээлийн бүтээгдэхүүний,
арилжааны банкны үр ашигт үзүүлэх нөлөө”, “Зээлийн үйл ажиллагаанд финтек систем
нэвтрүүлэх нь”, “Арилжааны банкнуудын зээлийн үйлчилгээг финтек компаниуд орлох
боломж түүнийг хөгжүүлэх арга замыг тодорхойлох нь” зэрэг сэдвүүдээр эрдэм
шинжилгээ, судалгааны ажлууд бичигдэж байсан бөгөөд финтек ашиглаж ББСБ-ын
ашигт ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг тооцсон судалгааны ажил бага байна. Иймээс
миний бие финтект суурилсан зээлийн үйлчилгээ нэвтэрснээр ББСБ-ын ашигт
ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилготойгоор тус сэдвийг сонгон авсан. Мөн
энэхүү судалгааг хийж гүйцэтгэснээр дан ганц ББСБ-ын ашигт ажиллагаанд нөлөөлөх
нөлөөллийг тооцоод зогсохгүй финтекийн үндсэн зорилгууд монгол улсад үйл ажиллагаа
явуулж буй ББСБ-уудад гүйцэтгэл хэр зэрэг байгааг үнэлэсэн.