Хураангуй:
Технологийн дэвшлүүд ар араасаа гарч, зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нэвтрэх нь санхүүгийн салбарын хувьд инновац болон үр ашигтай нөхцөлийг бий болгож цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж байна. Эдгээр технологийн дэвшилтэт шийдлүүдийн нэг нь хүн төрөлхтний түүхийн бүхий л үед төлбөр тооцооны хэрэгсэл болон ашиглагдсаар ирсэн цаасан мөнгөн дэвсгэрт нь хамгийн найдвартай, эрсдэл багатай төлбөрийн хэрэгсэлд тооцогдож гүйлгээнд ихээр ашиглагдаж ирсэн боловч санхүүгийн салбар нь уламжлалт үйлчилгээнээс техник технологид суурилан хөгжих болсноор хүмүүсийн төлбөр тооцооны хэрэгсэл өөрчлөгдсөөр байна. Үүнээс шалтгаалан дэлхийн улс орнуудын хувьд бэлэн мөнгөний хэрэглээ жил ирэх тусам буурсаар байгаа. Тухайлбал, улс орнуудыг нийтэд нь хамруулж авч үзвэл 2014 онд бэлэн бус төлбөр тооцооны дүн 393.2 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд энэхүү тоо нь 1.8 дахин нэмэгдсэн (Capgemini Research Institute, 2020). Харин манай улсад өнгөрсөн 5 гаруй жилийн хугацаанд бэлнээр хийгдсэн нийт гүйлгээний тоонд эзлэх хувийн жин 30-н хувиар буурч 2020 оны эцсийн байдлаар 17%-д хүрчээ. Түүнчлэн “Иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ” түүвэр судалгааны асуулгад оролцогчдын 77% нь сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлэн мөнгөний хэрэглээгээ бууруулсан бөгөөд үлдсэн 23% нь төлбөр тооцоогоо хийхдээ бэлэн мөнгийг тогтмол ашигладаг гэсэн үр дүн гарсан байна (Монгол банк иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ, 2020). Олон улсын хувьд ч гүйлгээнд байгаа бэлэн мөнгө (ГББМ) болон ДНБ-ий харьцаа үзүүлэлт буурах хандлагатай байсан боловч Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүмүүс бэлэн мөнгийг их хэмжээгээр нөөцөлснөөс болж 2020 онд ялимгүй хувиар өсжээ. Үүнээс үзвэл мөнгө цахим хэлбэрээр орших нь ердийн үзэгдэл болоод удаж байгаа хэдий ч сүүлийн үед санхүүгийн салбарт криптовалютын эрэлт хэрэглээ нэмэгдэж байгаа учраас энэхүү сэдвийг сонгон судлах болсон билээ.