Хураангуй:
Цаг хугацаа өнгөрөхөд мөнгөний үнэ цэн унаж байдаг учир бэлнээр хадгалахаас илүү хөрөнгө оруулалт хийж өсгөх нь ирээдүйн хэрэгцээгээ хангах суурь болно. Харин хөрөнгө оруулалтын нэг хууль байдаг нь эрсдэл бага байхад өгөөж дагаад бага байдаг бөгөөд хөрөнгө оруулагчид санхүүгийн мэдлэг дутмаг эсвэл эрсдэлд саармаг учраас дийлэнх тохиолдолд арилжааны банкны хадгаламжид мөнгөө байршуулж бага боловч эрсдэлгүй байдлаар хөрөнгөө өсгөж авдаг. Мөн хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлд хандах хандлага чухал бөгөөд хүн бүрийн хувьд эрсдэлд хандах хандлага харилцан адилгүй учир тэдний онцлогт нийцэх багцыг мэргэжилтнүүд боловсруулж зөвлөж өгснөөр иргэдийн хөрөнгө өсөхийн сацуу хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх нэмэгдэж, хувьцаат компаниудаа дэмжих зэрэг олон давуу тал бий болох юм. Тиймээс хөрөнгө оруулах сонирхолтой иргэдийн төлөөлөл 2 иргэнд зориулж хөрөнгийн ангиллуудад хувийн жин оноож багц бүрдүүлэн, санал болгох зорилгоор энэхүү дипломын ажлыг хийсэн болно.