Хураангуй:
Аудит нь ямар нэгэн үйл явдлын итгэх зэргийг нэмэгдүүлэхийн тулд
хийгддэг аудитын мэргэжлийн үйлчилгээ юм. Аудитын гарц болох аудитын чанар нь
хэрэглэгчдэд санхүүгийн тайлангийн найдвартай байдалд итгэх итгэлийг өгдөг.
Аудитын чанарын тухай дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн онолын тодорхойлолт
байдаггүй ба хүн болгон өөр утгатайгаар ойлгодог. Жишээ нь санхүүгийн тайлан
хэрэглэгчдийн дунд хийсэн нэгэн судалгаагаар (Эпштеин ба Геигер,1994) хөрөнгө
оруулагчдын 70% нь санхүүгийн тайланд материаллаг алдаа, залилан байхгүй гэдгийг
аудитын фирм нь үнэмлэхүй баталгаажуулах ёстой гэж үзсэн байдаг. Үүнээс харахад
томоохон хөрөнгө оруулагчид, төрийн байгууллага, хөрөнгийн зах зээл дээр шийдвэр
гаргагчид, харилцагчид зэрэг санхүүгийн тайлангийн гадаад хэрэглэгчид аудитын
эцсийн бүтээгдэхүүн болох аудитлагдсан тайлангийн чанартай байдалд ихээхэн
анхаарал хандуулдаг байна.
Манай орон нь аудитын үүсэл хөгжлөөрөө бусад хөгжингүй орнуудыг бодвол даруй 100
гаруй жилээр хойно хөгжсөн боловч 1990 онд чөлөөт эдийн засаг руу орсноос хойш
тасралтгүй хөгжсөөр өдгөө 158 аудитын байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлхийд толгой цохьдог 5-н том аудитын байгууллагын салбарууд болох Ernst аnd
Young, KPMG, Deloitte, PWC, BDO нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь
энэ салбарын хөгжлийн төвшинг хэр хурдтай байгааг харуулж байна. Гэвч энэхүү
хурдтай хөгжил дунд аудитын чанарын хяналтын хэрэгжилт нь оновчтой хэрэгжиж
байгаа нь эргэлзээтэй. Манай улсын хувьд дэлхийн холбогдох байгууллагуудаас
гаргасан дүрэм журмыг олон улсын жишигт хүрэхүйц мөрдөж байгаа эсэх мөн чанартай
аудитын үйлчилгээ үзүүлж байгаа зэрэг нь тодорхойлоход бэрхшээлтэй байдаг билээ.