Хураангуй:
Дипломын ажлын хүрээнд Монгол улсын банкуудын эх үүсвэрийн бүтэц, эдийн засгийн өөрчлөлт зэргийг харгалзан үзэж 10 жилийн хугацаатай мэдээлэл шаардлагатай хэмээн уг хугацаан дахь гадаад валютаар авсан санхүүжилтүүдийг нийт 13 арилжааны банкны хэмжээнд судлан авч үзсэн. Гадаад валютаар эх үүсвэр татан авахад арилжааны банкуудад ямар бэрхшээлүүд тулгарч байсан талаар дэлгэрэнгүй судалж уг бэрхшээлүүдийг даван туулах арга замуудыг дотоодын болон гадаадын практик дээр үндэслэн санал дэвшүүлсэн. Монгол улсын хувьд одоогоор арилжааны банкаар дамжуулан гаднаас эх үүсвэр татах нь илүү боломжтой байгаа юм. Учир нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаа нь улс төрийн болоод гадаад, дотоод эдийн засгийн байдлаас үүдэн хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй бөгөөд өгөөж багатай хөрөнгө оруулалт хэмээн харагдаж байна. Монгол улсын эдийн засгийн байдлыг сайжруулах гол сектор нь банк санхүүгийн салбар гэж судлаачид үзэж байна. Монгол улсын эдийн засагт харьцангуй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, олон улсын үнэлгээний байгууллагуудаас сайн үнэлгээ авч буй учир гадны хөрөнгө оруулагчид арилжааны банкуудад итгэх итгэл арай дээгүүр байна. Монгол улсын Чингис бондын үзүүлэлт муу байгаа нь Монгол улсын төрд гадаадын хөрөнгө оруулагчидын итгэх итгэлийн хэмжээг шууд харуулж байна. Тийм ч учраас эдийн засгийн өсөлтийг хангахын тулд мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт шаардлагатай. Монгол дахь арилжааны банкуудыг том, дунд, жижиг гэж ангилж болох ба эдгээр ангилалууд нь өөр хоорондоо хөрөнгө, санхүүгийн чадавхи зэргээрээ өөр өөр байдаг. Эдгээр ангилалуудад хөрөнгө оруулах боломжууд нь ч мөн өөр хоорондоо ялгаатай байдаг. Иймд гадаадаас хөрөнгө татахад тулгарч буй асуудлууд болон шийдвэрлэх арга замуудыг ангилал тус бүр дээр тодотгож өгсөн.