Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа интерактив брэндийн туршлагыг бий болгох байдлаар брэнд энгэйжмент болон үнэ цэнийг хамтран бүтээх ямар боломжууд байгааг, монголын виртуал хөрөнгийн брэндүүдээс зах зээлийн үнэлгээгээрээ хамгийн өндөр буюу эхний дөрөвт ордог ARDX, SPC, IHC, MNFT гэх дөрвөн виртуал хөрөнгийг сонгон авч, хедоник болон функционал брэндээр нь ялган онолтой холбон тайлбарлаж, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодорхойлж дүгнэлт гаргаж, мөн интерактив брэндийн туршлагыг бий болгох гэсэн хэн бүхэнд санал зөвлөмж гаргасан билээ. Монгол улсын виртуал хөрөнгийн зах зээл нь 2017 оны сүүлээс эрчимтэй хөгжиж эхэлсэн ба сүүлийн нэг жилийн хугацаанд виртуал хөрөнгөөр хийгдэж буй арилжаанууд нь эрс нэмэгдсэн.
Тус судалгааг хийхдээ нийт 433 хэрэглэгчдээс эмпирик судалгаа авч, 10 хүчин зүйлээр шинэ загварыг шалгахаар хэрэгцээтэй шинжилгээнүүдийг хийсэн. Судалгааны үр дүнд Монгол улсын виртуал хөрөнгийн хэрэглэгчид функционал мөн чанарыг агуулсан брэндүүдтэй илүү их үнэ цэнийг хамтран бий болгосон байгаа нь хэрэглэгчид бодит хэрэглээ нэвтэрсэн үйл ажиллагаатай зүйлд илүү татагдаж, хүчтэй холбоог бий болгодог байх хандлагатай байна. Харин хедоник мөн чанарыг агуулсан брэндүүд нь боломжийн үнэ цэнийг хамтран бүтээлцэж байгаа ч, тухайн брэндүүдийн авч хэрэгжүүлж буй төсөл нь энгэйжментийг нэмэгдүүлэхэд илүү нөлөөлж байгаа бололтой. Энэхүү судалгааны ажлын загварыг ганц виртуал хөрөнгийн салбар гэлтгүй бүхий л салбарт тус хүчин зүйлсүүдийг ашиглан өөрсдийн брэндийн энгэйжмент болон үнэ цэнийг хамтран бүтээхийг хэмжиж, шинжилгээний үр дүнд гарсан хариугаар тохирсон маркетингийн төлөвлөгөө боловсруулан цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломжтой юм.